НИЙГЭМ СОЁЛЫН АНТРОПОЛОГИЙН СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ: ОРОЛЦОН АЖИГЛАЛТ

Оролцон ажиглах (participant observation) арга зүй нийгэм соёлын антропологийн ухааны судалгааны үндсэн арга зүй билээ. Уг арга зүй нь энгийн үгээр хэлбэл судлаач судалж буй тухайн судлагдахууныхаа дунд хамгийн багадаа арван хоёр сар суурин сууж, хамт амьдран, тэр нийгэмд уусан орсоны үндсэн дээр мэдээлэл цуглуулах юм. Яагаад заавал тийм урт хугацаагаар суух хэрэгтэй гэж, судалгааг анкет бэлтгээд номын санд сууж байгаа оюутануудаар бөглүүлээд үр дүнг нь гаргаж болох биш үү гэж хүмүүс асууж болох юм. Мэдээж зүгээр бодож үзэхэд тийм ч байх. Гэхдээ антропологит хүний соёл амьдрал гэдэг зүйл ямар нэгэн “тойрог” (манай соёлд бол 2 сард цагаан сар, хавар мал төллөх, сургууль төгсөх, зун бол хүмүүсийн амрах улирал, намар хичээлийн шинэ жил, ургац хураалт, өвөл бол дулаан хувцас, ес эхлэх, зулын хорин таван гэх мэт) байдаг тул тэр тойргийг бүрэн таньж мэдэх, уг соёлын мөн чанарт нэвтрэхийн тулд их хугацаа хэрэгтэй гэж үздэг. Мөн уг соёлд анх очиж судлах хүн эхэн үедээ ямар нэгэн байдлаар “зочин” байж тухайн соёл түүнээс өөрийн үнэн бодит амьдралын хэвшилийг далдалж байдаг байна. Харин энэ мэт удаан хугацаа зарцуулснаараа судлаач уг соёлын гүнд орж тэр соёлын “нэг хэсэг” болдог аж. Ийнхүү бий болсон мэдээлэл нь илүү үнэнд ойр байж, бусад өнгөц оюун дүгнэлтээс ялгардаг гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу.

Оролцон ажиглах арга зүйг Польш гаралт Английн антропологич Бронислав Малиновский (Bronislaw Malinowski) болон түүний шавь нар, АНУ-ын Франц Боас (Franz Boas) болон түүний шавь нарын антропологийн судалгаанд үр хөврөл нь байсан гэж үздэг. Мэдээж эдгээр алдартай антропологичдоос өмнө уг арга зүйн эх сурвалж XIX зууны сүүл үеийн Франк Хамилтон Кашингийн (Frank Hamilton Cushing) Зуни (Zuni) индианчуудын судалгаанд ажиглагдаж байсан гэж үздэг. Үүний дараагаар XX зууны эхэн үеийн Бронислав Малиновский (Bronislaw Malinowski), Эдвард Эванс-Притчард (Edward Evans-Pritchard), болон Маргарет Мийд (Margaret Mead) нарын барууны бус нийгмүүдийг судалсан судалгаагаар олон нийтэд түгээжээ. Судалж буй соёлынхоо дунд удаан хугацаагаар суух, тэдний аж соёлын тухайн үнэн зөв мэдээлэл бүтээхийн зэрэгцээ гадны цэвэр нүдээр уг соёлоо ажиглах зарчимтай энэ арга зүй антропологийн судалгаанд ихээхэн хэрэгтэй арга зүй болсон юм. Энэ маягаар тус гүнд нэвтэрсэн, ямар нэгэн шүүлтүүргүй мэдээллийг олж хүлээн авах нь ихээхэн үр дүнтэй байсан байна. Өөрөөр хэлбэл антропологийн тулгуур зарчимуудын нэг болох “ямар нэгэн онол бодож олоод, тэр онолдоо таарсан нийгэм соёлыг хайх бус, харин ч аливаа нийгэм соёлыг ул суурьтай судлаад тэрхүү судалгаанаасаа онол гарган ирэх” гэсэн санаа энэ үеэс биелэлээ олсон юм. Антропологит судлаач хүн амьдрал дундаас амьдралыг тайлбарласан онол гаргах ёстой гэж үздэгээс бус, алив нэгэн сэтгэгчийн хэлсэн, бодит амьдралд төдий л таарахгүй байх нь олонтаа, жирийн хүний арьс маханд мэдрэгдэхгүй “сансарын” гэмээр үзэл санаанд таарсан амьдрал хайж явдаггүй билээ. Энэ арга зүй ихээхэн үр дүнтэй байсан тул Барууныхан ч өөрсдийн дундах цөөнх ард түмний соёлыг хүртэл судлах болсон аж.

1970-аад онд нийгмийн шинжлэх ухаанд шинэ онол үзэл санаа ихээхэн хүчтэй тархаж байлаа. Тэдгээр шинэ онолууд болох постмодернизм, дисконстракшин зэрэг нь оролцон ажиглах арга зүйн дутуу талуудыг шүүмжлэн өөрийгөө хянан засварлах сануулга өгсөн гэж болно. Тухайлбал судлаачид оролцон ажиглах арга зүйг ашиглан судалгаа хийхдээ үнэхээр хөндлөнгийн хоёрдогч байдлаас хандаж чадаж байна уу. Цуглуулсан баримт сэлт нь үнэхээр үнэн үү, аль эсвэл судлаачийн харсан л өнцөг үү, судлагдсан соёлын дуу хоолой хэр зэрэг түвшинд байна гэх мэтээр асуудал өрнүүлж байжээ. Үнэхээр ч антропологийн шинэ шинэ судалгааны талбарт судалгаа хийхэд оролцон ажиглах арга зүй дутагдалтай тал гаргаж байлаа. Жишээ нь: Ижил хүйстнүүд болох гэй, лесби хүмүүсийн дунд хийсэн эхэн үеийн судалгаануудын үед уг арга зүйд асуудал учирч байв. Олон нийт судалгаа хийх гэдгийг ямар нэг анкет бөглүүлэх мэтээр хялбарчлан ойлгох гээд байдаг талтай. Гэтэл антропологи дахь оролцон ажиглах арга зүйг ашиглан судалгаа хийнэ гэдэг энгийн үгээр бол судалж байгаа соёлоо ажиглах, тэмдэглэх, сонин содон зүйлсийг анхаарах гэж болно. Гэвч мэдээж энэ бүхэн хангалттай бус нь ойлгомжтой төдийгүй судлаачийн ур чадвар ч үүн хамаарна. Судлаачийн хамгийн гол үүргүүдийн нэг бол тухайн соёлыг хөндөхгүй байх юм. Судлаач урт хугацаагаар уг соёлд сууна гэхдээ гадны нүдээр тухайн соёлоо харж байхаа хэзээ ч мартаж болохгүй. Мөн өөрийн соёлын хэмжүүрээр судалж буй соёлоо шүүж болохгүй. Энэ мэт байдлаас тус соёлдоо бүрэн оролцох гэж хичээх хэрэгтэй. Энэ бүхний дараа цуглуулсан мэдээлэл дээрээ аль болох уян хатан дүгнэлт хийх хэрэгтэй болов уу. Хэтэрхий тууштай дүгнэлт нь тэр бүр үнэнд ойр байдаггүй учир нь хүний амьдрал гэдэг өөрөө ихээхэн хөдөлгөөнтэй хаанаас нь харж байгаагаараа дүгнэлт хэлж болдог зүйл. Уг арга зүйг ашиглан судалгаа хийх явцад хамгийн том ажил бол магадгүй хээрийн шинжилгээний тэмдэглэл хөтлөх болох байх. Тэмдэглэл нь хоёр янз байж болно. Нэг нь илүү өөрийн хувийн дүгнэлт сэтгэл хөдлөл орсон, нөгөө нь илүү эрдэм шинжилгээний байж болох юм. Гэхдээ хувь хүний онцлогоосоо болоод нэг дэвтрийг хоёр хуваагаад бичиж ч болох байх. Мэдээж гол зарчим бол аль болох дэлгэрэнгүй тэмдэглэл хийх, учир нь хүний оюун ухаан мартдагийнхаа хүчинд л санаж байдаг юм. Мэдээж онцгой содон санагдсан санаагаа бусад онол саналтай харьцуулж үзэх хэрэгтэй. Мөн өөрийн тэрхүү санаагаа судалж буй соёлд чинь хамаатай байна уу, аль эсвэл соёл бүхэнд хамаатай түгээмэл шинжтэй байна уу гэдгийг анхаарч болно. Тэгээд бүх мэдээллийнхээ уялдаа холбоог сайтар нягтлах хэрэгтэй болов уу. Оролцон ажиглах арга зүйн тухай товч өгүүлэхэд ийм байлаа.

Сүүл хэсэг рүүгээ зөвлөгөө маягтай болсон байх шиг санагдсан. Гэхдээ энэ яах вэ, хүнд хэрэг болж байвал.

СЭХЭЭТНҮҮДИЙН АЖИЛ ХАЯЛТ БА ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНЭГҮЙДЭЛ

Өөрийн гарт барьсан зул

                                               Өрөөлийн нүдэнд гэрэл болдгийг сана

Шастирын үг

            Бүх хүмүүс завгүй байна... Тэд ямар нэгэн юм хийгээд л завгүй байгаа даа. Аав нь хүүтэйгээ уулзах завгүй. Хүү нь ч гэсэн аавтай уулзах завгүй. “Нялхасыг угтаж, өтгөсийг үдээд өчүүхэн ч чөлөө завгүй байна” Монголчууд.

            Ямар нэг юм хийгээд завгүй байдаг хүмүүст, ялангуяа тэр ямар нэг юм нь ямар ч юм биш байдаг хүмүүст үүнийг зориуллаа.

            Сэхээтнүүд, оюунлагууд эзгүй хойгуур дүр эсгэгчид сэхээтэн болж орлон тоглож байна. Хүний нийгмийн гэлтгүй аливаа нийгмийн байгуулалд ч цөөн хэдэн манлайлагчид байж олонхоо чирч явдаг нь жам ёсны зүйл юм. Харин өнөөгийн Монголд өнөөх чирэгдэж явдаг хэд нь манлайлагчид болж, оюунлагуудын оронд суучихаад өчүүхэн ч чөлөө завгүй орлон тоглолт үзүүлж байна.

            Өнөөдөр хэн сайн орлон тоглож чадсан нь эрх мэдэл, албан тушаал, мөнгийг хүслээрээ олж, хүүхэн шуухан сольж, морь мал уралдуулсан шиг зугаацан амьдарч байна. Түүхийн будангуй салхинд үе үе ингэж “айл гэр” болж тоглосоор ирсэн нь ажиглагддаг. Харин тэр орлон тоглогчид оюуны салбарт гар хөлөө дүрж, тухалж суугаад жинхэнэ шилдгүүдийг, оюуны жинхэнэ гигантуудыг шахаж байгаа нь хэрээс хэтэрлээ.

            Монголын шинжлэх ухааныг “Арлын буюу Робинзон Крузогийн шинжлэх ухаан” гэж нэгэн судлаач сануулсан нь бий. Тэр л арлын шинжлэх ухааны үхширмэл арга барилаа нэгэнт өөрчилж, салхи савир оруулах цаг хэдийнээ болчихоод байхад өнөөх л орлон тоглогчид үхэн хатан зууралдсаар байна. 1990 он хүртэл бид арлаа сайн судалсан, шинжлэх ухааны арал буй болгож чадсан. Харин одоо аль болох шинээр, аль болох өөрөөр харах цаг нэгэнт болчихжээ. Далан жил бичсэн. Далан жил бие биеэ магтан дуулсан. Ямар сайндаа л “Чойбалсангийн тавин насны ойд зориулсан шүлэг” бичээд төрийн шагнал авч байхав дээ. Хорин жил давтан бичсэн. Хорин жил мөн л бие биеэ магтан дууллаа. Энэ төөрөлдлийн хорин жилд сэхээтнүүд ажил хаяж, орлон тоглогчид сэхээтнийг дүрд тоглохыг оролдож, аль хэдийнээ орлон тоглогчдын хүчирхэг арми буй болж, ардын болон төрийн шагналтнууд гэгдэж, цаашлаад академич хүртэл болж амжжээ.

            Монголд шинжлэх ухааны судалгаагаар тэргүүлдэг Монгол Улсын Их Сургуульд дөч, тавин жил багшийн дүрд тоглож, нэг ч бүтээл гаргаагүй хүн  эмээд нь ярьсан үлгэрээ XXI зууны ач охинд ярьсаар байна. Мөн хорин жил их сургуульд багшилсан бас нэг орлон тоглогч ном нэртэй цуглуулга хийж оюутнууддаа шахаж байна. Монголын ШУА-д хорин жил ажиллахдаа гялтайх ганц өгүүлэл бичээгүй хүн доктор болж байна. Толгойтой бүхэн нь завгүй байхын тулд магистр хамгаалж, их дээд сургуулийн диплом цуглуулан тоглож байна. Ийм л үнэ цэн, эх адгаа алдсан завгүй хүмүүсийн хаанчлал газар авлаа. Монголын оюуны салбарт  тэргүүлдэг энэ байгууллагуудад ийм хүмүүс ингэж тоглож байхад өөр бусад нь бүр нэмэргүй байгаа даа. Тэд шинжлэх ухааны нэр хүндийг шавар шалбаагт хутгаж хаясанаараа шинжлэх ухаанаас хол олон нийтийн дунд шинжлэх ухаан гэж ийм муухай юм байдаг гэсэн мэссэж тарааж байна.

            Татвар төлөгчдийн мөнгөөр мэссэнжэрдэж, орифлеймын бараагаа биендээ шахахдаа уран үгээ барж, бохь зажилахаас өөр юм хийхээ больсон тэднийг уг үндсээр нь өөрчлөх цаг нэг болсныг дахин сануулах юун. Тэд, орлон тоглогчид тэр ажилдаа завгүй, тэр ажилдаа дэндүү хайртай. Учир нь тэд өөр юм хийх чадваргүй болтлоо завгүй ажилласан юм. Хамгийн харамсалтай нь сэхээтнийг орлогчид шинэ хүмүүст боломж өгөхгүй байхыг, эсвэл яг өөр шигээ зэрэмдэг байхыг шаардаж, арал дээрээ амар жимэр завгүй мэт амьдрахыг хичээсээр байна. Тиймээс “дундаж хүн хэнийг ч өөрөөсөө дээш гаргах дургүй... өөрөө өөртөө л эзэн байхыг хүсдэг. Харин өөрийгөө бусдаас ялгаатайг мэддэг агуу их хүмүүс бол үнэнчээр зүтгэх ямар нэгэн дээд зарчим хийгээд өөрөөсөө илүү хүмүүсийг үргэлж хайж явдаг” гэж Ортега-и-Гассет хэлсэн юм.

            Шинэ л байхгүй юм бол дахин давтаад юу хийнэ. Далан жил, дахиад хорин жил улиглалаа.

            Бидэнд өнөөдөр Цэдэнбалын ардчилсан хувилбар хэрэггүй, төрийн шагналт, яамны тэргүүний ажилтан,  алдарт уран зохиолч, таван жилийн гавшгайч гэсэн одон мядалдаа дарагдах шахсан хүмүүсийн муухан хуулбар ч хэрэггүй, багшийгаа хуулж өөрийнхөө нэрийг тавьдаг эрдэмтний орлон тоглогчид бүр ч хэрэггүй. Харин аугаа Фукогийн онолыг үгүйсгэсэн онол үндэслэсэн монгол залуу, аавынхаа шүлгийг дууриаж бичдэггүй Хасар шиг л хүмүүс хэрэгтэй. Шинжлэх ухааны салбар, оюуны нэр хүндийг ганцхүү жинхэнэ жүжигчид л аварна. Учир нь амьдрал бол жүжиг гэж Шекспир хэлсэн юм. Орлон тоглогчдод орон зай бүү өг, сэхээтнүүдээ.

Дахиад л улиглан, учирлан гуйя оюунлаг сэхээтнүүдээ. Айн Рэндийн “оюунлагууд ажил хаяа юу”, эсвэл Ц.Хулангийн “Сэхээтнүүд минь хаа байна” гэсэн үгсийг дахин сануулмаар санагдлаа. Уул нь сэхээтэн гэдэг хүн бусдыг сэхээрүүлж, сэнхрүүлж, гэгээрүүлж явдаг баймаарсан. Даанч манай сэхээтнүүдийн “ажил хаясаар” удаж байна даа. Х.Тэмүүжин олон өгүүлэлээрээ энэ бүхнийг дахин дахин сануулсаар атал салхи хөдөлж дарцаг дэрвэхгүй байсаар л байгаа бус уу. Шинжлэх ухаан гэсэн энэ том нэр хүнд дээр хоёр хөлөөрөө дэвсэн чарлачихаад, хэнэгчгүй алхаж байгаа олон дүр эсгэгчид байх болж. Тэдний ухаангүй марзан аяглал газар авч, тархинд хүрч байхад оюунлаг сэхээлэг хүмүүс үүний эсрэг дуугарах нь битгий хэл аялдан дагаад байх шиг. Эрдэмтэн гэхээсээ гандангийн дэнжийн төлөгч шиг загнах эдгээр хүмүүс өөрөө ч учрыг нь олоогүй үзэл санаандаа бат итгэж, дутуу иссэн айраг шиг гөлийсэн бодлуудаа хаа сайгүй тарааж байна. Харин энэ бүхнийг нь маргаантай гэсэн хүнийг тэд мангар гэж цоллож таваа хангаж байгаа нь эрүүл үнэн үг хэлсэн нь биш эргүү гөжүү зүйл ярьсан нь өндөрт гарсанаар ил байгаа шүү дээ. Эрүүл саруул ухааны өмнөөс эргүү солиорол зогсож, бүр даван гарах гээд нүүрээ улайлган нүдээ бүлтийлгэн дүлж байхад, оюунлагууд буланд зогсоод буудуулах гэж байгаа буруутан шиг дуугүй л нүдээ бүлтийлгэн гараа өргөж байх нь сонин юм.  

Шинжлэх ухааны тодорхой нэгэн салбарт арав хорин жил ажилчихаад дөмөгхөн нэг өгүүлэл бичиж чадаагүй байж, бусдын хийсэнг үгүйсгэж шүлсээ үсчүүлэх тэдэнд сайхан байгаа болтой. Угтаа бол энэ байр суурь нь түүнийг ядахдаа ажлаа сайн хийгээрэй, чадвал нээлт хийгээрэй гэсэн утга бас давхар агуулдагийг мэдмээрсэн. Нэмэр болохгүй бол нэрмээс болж, “гүйсэн нохойд” саад болохгүй байхыг сануулж байгааг бодмоорсон.  Эрдмийн энэ том байр суурийг цалинг нь өгч, өөрийг нь тэжээдэг газар мэтээр ойлгосон энэ хөөрхийс хэзээ үнэнг ойлгож нүүрээ улайлган үнэнээ хүлээх юм болдоо. Би чадахгүй юм байна гэж хэлчих зориг тэдэнд байхгүй шиг чи болохгүй байна гээд хэлчих зүрх, сэхээлэг хүрээнд бас алга уу.

Энэ бүх хаягдсан орон зайн дээр сайн дурынхан гарч ирээд, таанц иргэн, толгойгоо эргэтэл хөөрцөглөж байхад, сэхээтнүүд хаа байна. Хэн дуртай нь өөрийгөө эрдэмтэн, академич хэмээн цоллон, “цагаан яс”-аараа гайхуулж байхад Бруно шатаагдсан амиараа, Галиолей шүүгдсэн нэр хүндээрээ хамгаалж байсан шинжлэх ухаан дуугүй л байх юм. Хэдэн үлгэр цээжээр хэлдэг өвгөн өөрийгөө “угсаатан судлаач”, аавынхаа мөнгөөр костюмаа авч өссөн хүүхэд хэдэн мөр холбоод утга зохиол шүүмжлэгч болж байхад хэн ч дуугүй байгаа нь юуны учир вэ.

Бидний зорьж зүтгэж байгаа зам ийм хямдхан юм уу.

Энэ бүх балайрал шинжлэх ухааны нэр хүндийг унагаж байна. Хүмүүс шинжлэх ухаан ярьсан хүнийг гажигтай мэтээр ойлгож, бараг номын цагаан солио гэж хүлээн авч байхад, эсрэг талд нь харин элдэв хадуурал мэргэ төлөг газар авч дээр дооргүй түүнд итгэн хошуурах болж. Яг л дундад зууны европын харанхуй байдал манайд ноёрхож байх шиг. Шинжлэх ухааныг ойлгоход сэхээлэг гэгээлэг ухаан хэрэгтэй шиг энэ бүх тэнэглэлийг ойлгоход түүнээс тэнэг байх хэрэг гарах байх даа харамсалтай нь.

Энэ бүхнийг ажлаа хаясан оюунлагуудад зориулав. Нэр зүүгчид “романтик хортон” адил ухаарах сэтгэхүйгүй билээ. Иймээс үг зориулах ч хэрэггүй бусуу.

 

Г.Баттогтохтой хамтрав.

 

 

УРАГ ТӨРЛИЙН АНТРОПОЛОГИ

Антропологит ураг төрөл гэдэг нь соёлын, түүхийн гарал угсаа, аль эсвэл биологийн үе удмын үүслийг нэрлэсэн харилцаа байдаг. Магадгүй энэ тодорхойлолт хэт ерөнхий мэт санагдах болов уу. Тэгвэл антропологит ураг төрлийн тогтолцоонд юу юуг багтааж авч үздэгийг ажиглавал энэ бүдэг байдал бага зэрэг тодрох байх. Ураг төрлийн тогтолцоонд хүмүүсийн ураг удам, бусадтай төрөл садан болсон харилцаа, гэрлэлт, биологийн “дадал”, гэр бүлийн гишүүдийн үүрэг, зэрэглэл, өв залгамжлал гэх мэт маш өргөн хүрээг хамруулан авч үздэг. Дээрх бүх харилцаа соёл нийгэм болгонд харилцан адилгүй байдаг гэж болно. Тухайлбал Монголчуудын гэр бүл болох заншилд бэр нь инжтэй, хүргэн нь сүй бэлэгтэй байдаг бол Энэтхэгт бэр болох хүн нь их хэмжээний инж өгч байх жишээтэй. Зарим нийгэмд эрэгтэйчүүд нь “гэр зуурын” ажил хийж, нүүр амаа будаж байхад эмэгтэйчүүд нь ан хийдэг. Гэтэл ихэнх нийгэмд эмэгтэйчүүд нь “гэр зуурын” ажлаа хийж, эрчүүд нь ан гөрөө, бусад “гадуурх ажлаа” хийж байдаг. Мөн соёл нийгэм бүрт гэр доторх ах дүү, ээж аавын байр суурийн зэрэглэл байдаг, түүнчлэн хүүхэдтэй эмэгтэй, хүүхэдгүй эмэгтэй хоёрын байр суурийн ялгаа, ахмадаа хүндлэх дүүмэд хүмүүсийн хүндэтгэл зэрэг нь ураг төрлийн судалгааны судлагдахуун болдог юм.

Ураг төрлийн энэхүү харилцаан дээр маш олон нийгмийн бүтэц суурьлагдаж байдаг. Тийм ч учраас аливаа нийгмийг бүхэллэг цогц байдлаар авч судлахыг зорьдог антропологийн хувьд энэ салбар нь ихээхэн чухал байдаг гэж болно. Энэ судалгааны үндсийг магадгүй Л.Х.Морган Ирокиз индаинчуудын дунд хийсэн хээрийн шинжилгээний ажлаараа тавьсан. Тэрээр Systems of Consanguinity and Affinity of the Human Family хэмээх 1871 оны бүтээлдээ ураг төрлийн зарим нэр томъёог санал болгож тэр дундаа ураг төрлийн тогтолцоо гэсэн санааг гаргаж ирэн, зарим ураг төрлийн тогтолцоог ангилах гэж оролдсон байдаг. Түүний “ураг төрлийн тогтолцоо” гэсэн санаа XX эхэн үе хүртэл антропологит нөлөөтэй хэвээр байсан юм. XX зууны дунд үеэс буюу тодорхой хэлбэл 1949 онд Ж.Мердокийн хэдэн зуун нийгэм соёлын ураг төрлийн тогтолцоог харьцуулан судалсан судалгаа гарч, түгээмэл ураг төрлийн тогтолцоог хайх санаа дэвшүүлж байв. Энэ судалгааны үр дүнд цөм гэр бүл (nuclear family), өргөтгөсөн гэр бүл (extended family) хэмээсэн ангилал гарч ирсэн гэж болно. Цөм гэр бүл нь гэр бүлийнхээ ойр төрлийн садан ураг буюу аав ээж, ах дүү гэх мэт нэгээс хоёрдугаар үеийн төрөл дээр төвлөрдөг бол өргөтгөсөн гэр бүл нь түүнээс цааших төрлүүд дээрээ бас төвлөрдөг гэсэн санаа юм. Мөн энэ үед К.Леви-Строссын ураг төрлийн анхны хэлбэр санаа нь гэрлэлтийн харилцаа нь “солилцооны төлөв” байдаг гэсэн гаргалгаанд хүрч байв.

Британы антропологит ураг төрөл нь хувь бодгалиудын харилцааны сүлжээ байдаг гэсэн санаа аль эрт Радклифф-Брауны бүтээлд ажиглагддаг. Түүнээс хойш В.Түрнер, М.Глүкман нар аливаа нийгэм, хот, хүй бүлэг, нийтлэг дэх идэвхитэй сүлжээний харилцааны талаар бичиж байсан байдаг.

Бэлэгдэлийн ураг төрлийн судалгааг эхлүүлсэн хүн бол магадгүй Д.Шнейдер байх. Ер нь түүнээс өмнөх ураг төрлийн судалгаанд ураг төрөл дэх нийгмийн болон биологийн шинж чанарыг судалж байсанг тэрээр шүүмжилсэн байдаг гэж болно. Энэ бүхний эсрэг тэрээр аливаа нийгэмд ураг төрлийн нийгмийн шинж чанар нь биологийнхоосоо их байдаг гэсэн санааг гаргаж, судлаачид одоо ураг төрлийн судалгаа хийхдээ түүнийг биологийн бус нийгмийн талаас нь харах ёстой хэмээн тодорхой баримт гаргасан байдаг. Энэ бүх ажлыг нь Ж.Карстен өндрөөр үнэлж шинэ ураг төрлийн судалгааг үндэслэгч хэмээн түүнийг магтсан байдаг төдийгүй энэ санаан дээр тулгуурлан “харилцаанууд” гэсэн санааг гаргаж иржээ. Энэ “харилцаанууд” гэсэн үг нь ураг төрөл гэсэн үгийг төлөөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл түүнийхээр бол ураг төрөл нь төрөл бүрийн харилцаанууд болж байгаа бололтой.

Энэ бүхний эцэст дүгнэлт хийхэд ураг төрлийн судалгаа Л.Х.Морганаас эхэлж аливаа нийгэм соёл дэх ураг төрлийн тогтолцоог бүртгэх, цуглуулах хандлагатай байсанаа, XX зууны эхэн, дунд үеэс ураг төрлийн тогтолцооны гүнд нэвтрэх, онол бүтээх хандлага ноёрхож байсан нь Ж.Мердок, К.Леви-Строссын санаануудаас харагдаж байгаа болов уу. Улмаар 1970-аад оноос ураг төрлийн судалгаанд биологийн бус нийгмийн шинжийг нь голлон судлах хандлага түлхүү хөгжих болж, ураг төрлийг бүхэлд нь харилцаа гэж тодорхойлход хүргэсэн байна. Үнэхээр ч орчин үеийн шинжлэх ухааны хөгжил дэвшил бидний биологийн гэж боддог бодлуудыг нийгмийн шинжтэй болгож байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тухайлбал хувилж гаргасан Долли хонь, колон хүүхдийн санаа гэх мэт нь үүнд итгэх хүчтэй шалтгаан болж байгааг ухамсартай тунгаах хэрэгтэй болж байна.            

 

ШАШНЫ АНТРОПОЛОГИ

Нийгэм-соёлын антропологийн ерөнхий дөрвөн том салбарын нэг болох шашны антропологи гэдэг нь аливаа шашин, шүтлэг бишрэлийн хэлбэр, шашны байгууллагууд, түүний харилцаа холбоог тухайн болон бусад нийгмийн байгуулал, бүтэцтэй харьцуулан соёл дамнасан судалгаа хийдэг гэж болно. Энгийн үгээр бол хүний нийгэм соёл гэдэг нь бие биенээс нь салгаж тасдаж аваад судлаад байдаг бүрэлдэхүүн хэсгүүдтэй бус харин ч бие биеэтэй нь нягт уялдаа холбоотой авч судлах ёстой бүтэцүүдтэй байдаг. Ийм тул шашны антропологи нь аль нэг нийгмийн шашинг судлахдаа уг нийгмийнх нь бусад хэсгүүдтэй ч харьцуулан судалдаг гэсэн үг. Тэгвэл эл салбар ухаан шашин судлал хэмээх ухаанаас ямар ялгаа зааг болон ижил талтай юм гэсэн асуулт хэн бүхэнд төрнө. Энэ бүхэн хариулах гэж өөрийн хэрээр хичээе. Шашны антропологи нь антропологийн үндсэн суурь зарчимын нэг болон орчин үеийн бус эгэл нийгмүүдэд анхааралаа голдуу хандуулж, эгэл шашны хэлбэрүүд болон гадны сонин гаж үзэгдэлд анхаарч ирсэн байдаг нь карго культ, дом шившлэг, анимизм, тотемизмын судлагаанаас нь харагддаг. Гэхдээ энэ нь сүүлийн үеийн юм уу, орчин үежсэн нийгмүүдийн шашинг судалдаггүй гэсэн үг билээ. Харин шашин судлал нь ихэнхдээ өнөө үеийнхээ буюу судлаач амьдарч байгаа үеийнхээ шашны үйл явцыг болон тогтсон томоохон шашнуудад анхаарсан байх нь их. Ийм ч учраас Буддын, Христын, Лалын гэх мэт тотоохон шашинг судалсан судалгаа голдуу шашин судлалд хамаарч байдаг бол Бөө болон сонин гаж, хүрээ хэмжээ жижиг шүтлэгийн талаарх судалгааг ихэнхдээ антропологичид хийсэн байдаг. Гэхдээ заавал ийм ялгаа заагтай биш гэдгийг ойлгох хэрэгтэй, антропологич хүн ч Христын шашинг судалж болохтой адил шашин судлаач ч хүрээ цар жижиг шүтлэг мөргөлийн тухай анхаарч болно. Миний хэлээд байгаа энэ санаа нь дээрх хоёр ухааны адил болон зөрөөтэй талын аль альнийх нэг жишээ юм. Мөн шашны антропологи  хүмүүсийн шүтээд байгаа шашин нь нийгэм болон тухайн хүндээ ямар нөлөө үзүүлж, ямархуу хүн, нийгмийг бий болгоод байгааг нь анхаардаг, шүтэгч итгэгч хүнээр нь дамжуулан уг шашинг судалдаг билээ. Жишээлбэл намайг оюутан байхад манай ангийн Б.Удвал “Бөөгийн эдийн засгийн амьдрал” сэдэвтэй судалгаа хийж байсан бөгөөд түүндээ хэн нэгэн хүн бөө болохдоо зарцуулдаг мөнгө, хөрөнгийг задлан шинжилсэн нь эл ухааны онцлогийг харуулсан хэрэг байсан. Гэтэл шашин судлал энэ мэт судалгааг хийхээсээ илүү шашны сургаал, түүний үзэл санаанд анхаарах нь их байдаг төдийгүй хүнээс нь бус нийгмийн бүтцээс нь хүн рүү нь хандсан судалгааг хийж байдаг.

Шашны антропологийн маяг загвартай судалгаа аль эртнээс хийгдэж байсан аж. Тухайлбал, XI зууны үеийн Арабын эрдэмтэд Дундад Ази болон Газар дундын тэнгис ялангуяа Энэтхэгийн шашны тухай өнөөгийн антропологичдын адил харьцуулан нэлээд гүнзгий нарийн судалгааг тэмдэглэн үлдээжээ. Тэдний Энэтхэгийн шашин шүтлэг, ёс заншилийн талаарх нэлээд өргөн, шинжилгээ нь магадгүй шашны антропологийн шашны харьцуулсан судалгааны эхлэл байсан болов уу. Энэ тухай ч зарим эрдэмтэд эртний энэ харьцуулсан хандлага өнөө үеийг хүртэл маш ховор байсан төдийгүй шашны судалгааны арга зүйд авч ашиглах шилдэг эх сурвалж болсон юм  хэмээн бичиж байв. Дээрх соёл дамнасан харьцуулсан судалгаа хожмын Исламын ертөнцөд ч уламжлан бидний сайн мэдэх Иби-Халдуний (Ibn Khaldun) үед ирсэн байдаг. Улмаар энэ арга зүй Л.Морган, Э.Тайлор, Ж.Фрейзер нарын томоохон судалгаануудын хөтөч болж бидний үед иржээ.

Магадгүй шашны антропологийн гол маргаантай асуудал бол шашныг өөрийг нь тодорхойлох байж болох юм. Олонх антропологичид бөө мөргөл болон өвөг дээдсээ шүтэх шүтлэгийн хэлбэрүүдийг анхаарч үзээд шашинд сүнс, онгод дом шившлэгийн хэрэглээ, ер бусын хүчний хяналт, үл мэдэгдэх болон ирээдүйг тайлбарлах тайлбар, ид шидийн мэдлэг, зан үйлийн тоглолт, мөргөл, тахил өргөл, ер бусын хүчний төлөөлөгч гэх мэт маш олон зүйл багтсан байдаг хэмээн итгэж байна. К.Геерцийн бичсэнээр бол шашин нь (1) бэлгэдлийн тогтолцоо (2) хүчирхэг байдлыг бий болгох үйл явц (3) оршин байхын ерөнхий дэг жаягын ойлголтыг томъёологч (4) увьдас шидийн ойлголтын нөмрөг (5) сэтгэл санаа болон дур сонирхолын ганц бодит байдал мэт санагддаг.

Өнөөгийн барууны соёлд шашин гэдэг нь нэг тэнгэрийг шүтэх үзэл болон ёс суртахууны дэг жаягтай адил утгаар ойлгогдож байна. Ёс суртахуун нь Буддизм, Хиндуизмийн давхацсан итгэл бишрэлээс нэг тэнгэрийг шүтэх үзлийг чөлөөлсөн юм. Өөрөөр хэлбэл өрнийхөн эртнээс олон тэнгэрт нэг зэрэг итгэх явдалыг ташааж үзэхгүй байсан бол дорно зүгт бол байдал өөр олон тэнгэрт нэг зэрэг сүслэж байсан, байсаар ч байна. Энэ бүх шашин шүтлэгийн хэлбэрийг А.Валласе дөрвөн ангилалыг санал болгосон байдаг. Эдгээр нь:

1.   Хувь бодгалийн: (Individualistic) илүү суурь шинжтэй, энгийн. Тухайлбал, төсөөлөл, зөн билгийг эрэлхийлэх

2.   Бөөгийн: (Shamanistic) шашнаа эдгээх анагаах, эмчлэгч маягаар ашигладаг, мэргэ төлөгтэй. Онгодтой, анагаагч, алганы хээ уншигч гэсэн зэрэглэлтэй.

3.   Нийтийн: (Communal) уламжлагдан ямар нэг овогт ирсэн зохион байгуулалттай хүмүүсийн бүлэг, зарим нийтлэгийн шашин, өвөг дээдсийн шүтлэг үүнд багтана.

4.   Сүм хийдийн: (Ecclesiastical) дээрх гурвыгаа багтаасан, нэлээд цуглуулага, холимог маягтай. 

Үнэндээ шашин гэж үүнийг хэлнэ, энэ шашин үүнд багтана, тэр нь түүнд багтана гэх мэтээр хатуу нот хуваах хэцүү байдаг учир нь хүний нийгэм гэдэг зүйл өөрөө маш их холигдмол, нийлмэл байдагтай холбоотой юм. Зөвхөн аль нэг нийгмийн эдийн засгийг судлахын тулд тухайн нийгмийн улс төрийн хүрээ, түүхийн онцлог, хүн амын сэтгэл зүй гэх мэтээр маш олон салбарын өнцгөөс харах хэрэг гарна. Ийм л учраас сүүлийн үед салбар ухаануудын зааг ялгаа байхгүй болж байгаа талаар судлаачид өгүүлэх болжээ. Хэн нэгэн хүн би улс төр судлаач эсвэл соёл судлаач, антропологич гэж хатуу бат хэлж болох ч түүний судалгаа өнөөгийн цаг үед аль ч салбар ухаанд хэрэглэгдэн иш татагдах болсон нь үүний тод жишээ юм. Энэ байдал ялангуяа антропологит ихээхэн хамаатай байсан төдийгүй одоо ч үүргээ хадгалсаар байна.      

 

УЛС ТӨРИЙН АНТРОПОЛОГИ

Улс төрийн антропологи гэдэг нь нийгмийн бүтэцээр дамжуулан улс төрийн системыг сонирхон судлахыг хэлнэ. Энгийн үгээр бол нийгмийн улс төрийн харилцааны хамгийн бичил, хүний нүдэнд тэр бүр өртдөггүй харилцаа, бүтцийг судлах гэсэн санаа юм. Тэгвэл энэ хүний нүдэнд өртдөггүй харилцаа гэж юу вэ. Хүмүүсийн бодлоор улс төр гэдэг нь төр иргэний хоорондын харилцаа, захирах захирагдах байдлаас өгсүүлээд Оюу толгойн гэрээ, шинэ ерөнхий сайд, Барак Обама гэх мэт зүйлс байдаг. Улс төрийн шинжлэх ухаан ч энэ бүх томоохон харилцааг судалж дүн шинжилгээ хийж байдаг юм болов уу. Үнэхээр ч улс төр гэдэг нь хэн нэгэн, өөр хэн нэгэнтэй ямар нэгэн байдлаар захирах болон захирагдах харилцаанд орж байгааг хэлж байдаг. Тэгвэл хүмүүс зөвхөн улсынхаа ерөнхийлөгч, ерөнхий сайдад захирагдаад байдаг бус цаашлаад аав ээж, байгууллагын захирал, ахмад настан гээд алхам тутамдаа хэн нэгэн хүнийг өөрөөсөө дээгүүр тавьж хүндэлж “захирагдаж” байх хэрэг гардаг. Гэтэл дээр хэлсэн ерөнхийлөгч, ерөнхий сайд гэх мэт хүний нүдэнд ил томоохон асуудлын гадна талд жирийн цагдаа, “Өргөө” орчмоор гар дээрээс бараа зардаг хүн хоёрын хоорондох улс төрийн харилцаа, аль нэг албан байгууллагын цэвэрлэгч, түүний цэвэрлэсэн шалан дээгүүр алхагч хүн хоёрын хоорондох улс төрийн харилцаа орхигдоод байдаг нь нууц биш юм. Улс төрийн антропологи яг л ийм “орхигдсон, хүний нүдэнд ил бус” асуудлуудыг судлахыг зорьдог билээ.

 Улс төрийн антропологийн олонд танигдан хөгжиж болсон үе нь 1940-1950-аад он бөгөөд Радклифф-Брауны хувьсалын болон түүхчлэх онолын эсрэг хүчтэй дэлгэрүүлж байсан Английн функционалист сургуультай холбоотой. Арга зүйн хувьд нэлээд эмпирик баримт материал дээр суурьлаж байсан нь тэр үеийн Африк дэх Европчуудын колонийг судалж байснаас нь харагддаг. Энэ мэт сонирхолтой судалгаа, санааны дотор Э.Причард, М.Фортес нарын хамтран найруулсан Африкийн улс төрийн тогтолцоо (African Political System) бүтээл нэлээд сонирхол татахуйц байжээ. Тэд улс төрийн бүтэц болон түүний гадаад дотоод хүчин зүйлсээс болсон өөрчлөлт, зөрчил мөргөлдөөнийг голчлон сонирхож байсан бол Макс Глүкманы бий болгосон “Манчестерийн дэг сургууль” нь дээрхийн эсрэг нийгмийн үйл явц, систем дээр нь суурьласан бүтцийн задлан шинжилгээ буюу тэдний харьцангуй тогтвортой байдлыг судлахыг зорьж байлаа. Гэхдээ тэрээр зөрчил нь зайлшгүй байдаг, улмаар нийгмийн болон улс төрийн дэг журмыг бий болгодог гэж үзэж байсан болно.

1960-аад оноос улс төрийн антропологийн судалгаанд “үйл явцын хандлага” гэсэн чиг хүчтэй болж төлөөлөгчийн үүргийг чухалчлах болов. Энэ үед дэлхий дахинд колонийн систем задарч байсан тул антропологичид тэр нөхцөл байдалд ажиллах шаардлага гарч ирсэн байна. Магадгүй энэ үеийн Францын онолын сургуулийн нөлөөгөөр судлаачид Марксист хандлага, арга зүйд автаж аливаа үзэгдэлийг түүхчлэх, үйл явцыг чухалчлах хандлагтай болсон байна.

ТӨРГҮЙ АНТРОПОЛОГИОС ТӨРТЭЙ АНТРОПОЛОГИ

Ерөнхийдөө 1860-1960-аад оныг хүртлэх зуун жилд антропологичид эгэл нийгмүүдийг судлан улс төргүй, улмаар төр байхгүй нийгмүүд гэж тодорхойлж байсан байдаг. Энэ нь нэг талаар судлаачид Европын юм уу эсвэл өөрсдийн ойлгодог төрийн хэмжүүрээр тэдгээр нийгмүүдийг хэмжиж байсантай нэлээд холбогддог. Гэтэл 1960-аад оноос антропологичид илүү няхуур судалгаа хийх болж гэнэтийн гэмээр “нээлт” хийсэн нь төргүй гээд байгаа нийгмүүд чинь төртэй юм байна буюу тэд чинь бидний, барууныханы мэддэггүй өөрийн гэсэн зохион байгуулалт, өөр дэг журамтай улс төрийн тогтолцоотой юм байна гэсэн санаа байлаа. 1970-аад оноос антропологийн шинжилгээнд шинэ үе гарсан гэж болно. Энэ үеийн судлаачид зөвхөн Европын бус соёлуудыг судалж байсан уламжлалыг өөрчлөн, олон соёлуудыг харьцуулан судлах болсон аж. Тухайлбал Өмнөд Европын тосгод болон арлууд, өөр нийтлэгүүдийг судлан нэлээд нээлттэй шүүмжлэл өрнүүлэх болж улс төрийн болон нийгмийн шинжлэх ухаанаас өөрөөр эдийн засаг, улс төр төдийгүй нийгмийн бүтцийг дүрслэх болсон байна. Мэдээж энэ бүхний гол нуруу нь орон нутгийн үзэгдлийг нарийнвчлан тоочсон угсаатны зүй байсан билээ. Дээрх судалгаанууд нь ерөнхийдөө хоёр түвшинд хийгдэж байсан гэж болно. Нэгдүгээрт, антропологичид төрөөс зохицуулж байдаг хүрээний гадуурх улс төрийн бүтэц, улс төрийн үзэгдэлд анхаарч байв. Хоёрдугаарт, антропологичид улс төрийн байгууллагуудын албан болон албан бусын хоорондох харилцааг гол сурвалжаа болгож байсан юм. Үүний тодорхой бас алдартай жишээ бол К.Геерцийн Бали аралд хийсэн харьцуулсан судалгаа билээ.

1980-аад оноос улс төрийн антропологи угсаатны ухамсар, үндсэрхэг үзэлд хүчтэй анхаарах болсон. Өмнө нь анхааран судалж агсан ураг төрөл болон нийгмийн зохион байгуулалт дээрээ тулгуурлан “ижилсэл” болон “ижилсэлийн улс төрийг” сонирхон судлаж болсон нь энэ үеийн онцлог юм. Мөн төрөөс бий болгосон үндсэрхэг үзлийн хүрээ, соёлын ялгааны улс төрийн зохион байгуулалт дэх угсаатны ухамсар зэрэг нь нэлээд сонин сэдэв байжээ. Төр-үндэстэний хүрээнээс гадуур бий болдог соёл болон улс төрийн ижилсэл дээрхтэй мөн адил юм. Жишээ нь, олон улсын байгууллагуудын судалгаа болон хувцас, харилцааны дэг жаяг нь үүнд багтана. Нэлээд олон антропологичид аливаа нэг компанийн брюкрат бүтэц, бодлого боловсруулах үйл явцыг сонирхож байна. Хөгжлийн антропологичид сүүлийн арван жилд улс орон шиг улс төрийн тоглогчтой болсон засгийн газрын байгууллагууд, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага болон бизнес корпорацийг судлан анализ хийх болжээ. Тэд мөн орон нутгийн соёл болон хөгжлийн байгууллагуудын хоорондын харилцааг хүртэл судлан үзсэн байдаг аж.

Энэ мэтээс гадна өөр олон судалгааны чиг хандлага улс төрийн антрополит байна. Тухайлбал, пост-колонизм, пост-коммунизм, жендер, олон соёлын уулзвар, шилжих хөдөлгөөн даяарчлалын нөлөө гэх мэт. Мэдээж энэ бүхэнд улс төрийн өргөн хүрээ, тодорхой жишээ баримт багтаж байдаг нь ойлгомжтой.        

 

АУГАА ИХ КЛОД ЛЕВИ-СТРОСС

Суут Клод Леви-Стросс нас барсан тухай эмгэнэлийн мэдээ Энэтхэгийн өдөр тутмын томоохон хэвлэл болох The Hindu сонины өнөөдрийн дугаарт хэвлэгджээ. Энэ хүн хэн байсан, юу хийж бүтээсэн гээд ерөнхий мэдээллийг нийгмийн ухааны салбарт ажиллаж, суралцаж байгаа бүхэн эрхбиш мэдэх болов уу. Илүү дэлгэрэнгүй зүйлийг http://en.wikipedia.org/wiki/Claude_L%C3%A9vi-Strauss эндээс харж болно. Тус сонины эмгэнэл “Тэр Өрнийн ертөнцийн эгэл нийгмүүдийг харах өнцгийг өөрчилсөн юм” хэмээсэн гарчигтайгаар “... орчин үеийн антропологийн эцэг, гоц ухаантан Клод Леви-Стросс 101 дэх төрсөн өдрөөсөө хэдхэн долоо хоногийн өмнө нас барлаа ...” хэмээн үргэлжилж, зурган дор нь гоц оюуны цамхаг гэсэн тайлбар бичсэн байна.

Тэрээр 1908 онд Белгийн нийслэл Брюсельд хотод төрж Францын нийслэл Парист өсчээ. Анхлан Парисийн Сорбонд хууль филосифи судалсан ч хуулиа бус философио сонирхох болжээ. 1935 оноос ахлах сургуульд багшилж байгаад Бразилд Францын соёлын төлөөлөгчийн газар ажиллан, 1935-1939 оны хооронд Бразилийн Мато Гроссо муж, Амазон мөрний дагуу анхныхаа угсаатны зүйн хээрийн шинжилгээний ажил хийсэн байна. Анхлан тэрээр Гуакури  (Guaycuru), Бороро (Bororo) индианчуудыг судалсан бол 1938 онд дахин Намбиквара (Nambikwara), Тури-Кавахим (Tupi-Kawahib) нарын нийгмийг судалсан байдаг. Энэ бүх амьдралын туршлага нь түүнийг антропологитой мэргэжилийн түвшинд салшгүй холбож өгсөн гэж болно.

Тэрээр 1939 онд Францад иргэн ирсэн ч дайн эхэлсэн байсанаар барахгүй Франц Германд 1940 онд бууж өгөв. Үүний улмаас тэрээр жүүдүүдийн эсрэг үзлийн шахалтанд орж байсан тул 1941 онд АНУ-аас орогнол олж Нью-Йоркт байх болов. Дараар нь хэд хэдэн удаа Өмнөд Америк тэр дундаа Паурто Рикогоор аялав. Тэр ондоо Ф.Боасын ажиллаж байсан Колумбын Их Сургуульд багшилсан бол 1946-1947 онд Францын элчин сайдын яаманд соёлын атташе хийсэн байдаг. 1948 онд Францад буцан ирж Сорбонд докторын зэрэг хамгаалав. Эргэн ирсэнийхээ дараа эрдмийн ажилд идэвхитэй шамдан, бүр 1959 онд Коллежи де Францын антропологийн салбарын эрхлэгч болсон аж. Мөн Структурал антропологи бүтээл нь хэвлэгдэн гарав. Энэ бүхнээрээ тэрээр структурализмийг бий болгон олонд түгээн дэлгэрүүлэх ажлыг хийсэн билээ.

Энэ хүн эгэл нийгмүүдийн (бидний бүдүүлэг гэдэг) улс төрийн харилцаа, ураг төрөл, шашин шүтлэг, домог, билэг зүй гээд үй олон хэсэг салааг судлан үнэн нүүр царайг нь дэлхий нийтэд таниулсан билээ. Түүний дэлхийн шинжлэх ухаанд оруулсан магадгүй хамгийн том хувь нэмэр бол структурализм хэмээх онол болов уу. Энэ онолоор бүхэл бүтэн үеүүд хүмүүжин өсч, бүтээл туурвилдаа чиг баримжаа болгон хэрэглэж буй билээ. Аливаа нийгэм соёл өөрийн гэсэн структур-бүтэцтэй байдаг, түүнийг нь судлах хэрэгтэй гэсэн энэ гайхалтай санаа өнөө ч антропологит хүчтэй, нөлөөтэй хэвээр байна.

 

НИЙГМИЙН АНТРОПОЛОГИ

Энэхүү хэсгийг бичихдээ www.wikipedia.com, интернетийн эх сурвалжийг гол болгон түшиглэсэн билээ. Нийгмийн антропологи нь өргөн утгаараа аливаа ард түмний нийгэм соёлыг тэдний дунд урт хугацаагаар хамт амьдран судалж, тэр соёлоо тайлан тайлбарлаж байгаа гэж болно. Судалгааныхаа мэдээллийг оролцон ажиглах арга зүйг (participant observation) ашиглан, уг нийгмийнхээ зан заншил, эдийн засаг, улс төрийн байгууламж, хууль, хэрэглээ болон солилцооны хэлбэрүүд, ураг төрөл болон гэр бүлийн бүтэц, жендерийн харилцаа, хүүхдийн хүмүүжил нийгэмшил, шашин гэх мэт маш өргөн хүрээг хамарсан талбараас цогц, бүхэллэг (holistic) байдлаар цуглуулдаг байна. Өөрөөр хэлбэл хүний нийгэм гэдэг нэг нэгнээс нь салгаж болохгүй, нэг нэгэнтэйгээ наалдсан маш олон хэсгүүдтэй байдаг бөгөөд энэ бүх хэсэг, салааг нь сайтар судалж байж л тэр нийгмийг бүрэн таних боломжтой хэмээн үздэг гэсэн үг. Улмаар энэхүү цуглуулсан материал дээрээ үндэслэн уг нийгмийг цаашлаад хүний нийгмийн суурь үндсийг тайлбарлах гэсэн санааг мөн агуулж байдаг. 

Энэ ухаан Их Британид үүссэн цаг хугацаа нь XIX зууны дунд үе бөгөөд Э.Б.Тайлор, Ж.Фрейзер нарын бүтээлтэй холбоотой байдаг. Мөн хожмийн буюу Дэлхийн I дайны дараа үеийн Эдийн засаг болон Улс төрийн Шинжлэх ухааны Лондонгийн Сургуулийн (манайхан LSE гэдгээр нь сайн мэдэх) Б.Малиновский, А.Радклифф-Браун нарын бүтээлтэй маш их холбоотой. Энэ үеийн буюу эхэн үеийн антропологичид эль ухааныг илүү шинжлэх ухааны хэв загвартай болгох гэж оролдож тэмцэж байсан ч энэхүү хандлага 1970-аад оноос нэлээд өөр болж антропологи бол ямар нэгэн шинжлэх ухаан шиг хууль, дүрэм хайхаасаа илүү аливаа нийгэм соёлыг тайлан тайлбарладаг гэсэн хандлага нэлээд түлхүү болж иржээ. Мөн нийгмийн антропологийн хөгжилт ихээхэн хувь нэмэр оруулсан эрдэмтдийн тоонд Э.Лийч, Э.Причард нарыг оруулж болно. Тэдний судалгаа нь уг ухааны судлах зүйлийг нэлээд сайн тодорхойлж өгсөн төдийгүй цаашдын судлаачдын эх загвар болж байсан гэлтэй. Энэ үед антропологит структуралист-функционализм нэлээд ноёрхох хандлагатай байсан бол Дэлхийн II дайнаас хойш антропологит төдийгүй нийгмийн шинжлэх ухаанд Францын антропологич Клод Леви-Строссын структурализм маш их нөлөөтэй болсон гэж болно. Харин 1970-аад оноос антропологит тайлбарлахуйн болон бэлгэдэлийн онол, постмодернизм нэлээд дэлгэрч байна. Гэхдээ дээрх онолууд нь антропологит бие биенийгээ халж солин гарч ирж байгаа бус харин нэг нэгнээ нөхөн сайжруулах замаар гарч ирж байгааг ойлгох хэрэгтэй. Мөн антропологийн судлах сэдэв нь ч өргөсөн тэлж хотын, хуулийн, эмнэлэгийн, хөгжлийн гэх мэт олон салбар антропологи бий болж байна. Уламжлалт антропологийн судалгаа нь орчин үеийн нийгмээс илүү, уламжлалт нийгмүүдийг анхаардаг байсан бол энэ салбарууд нь антропологийг илүү хэрэглээний буюу бодлогийн судалгаатай болгож байгаа билээ. Тийм ч учраас барууны зарим оронд ч социологич, антропологич гэсэн хоёр нэрийг хамтад нь хэрэглэж явдаг судлаачид их болж байгаа төдийгүй социологи, антропологи хоёрын зарим судлах зүйлд давхцал их гарах болжээ.                    

Нийгмийн антропологи, түүний гол салбаруудын тухайх энгийн үгтэй, бодитой, удиртгал бичих хэрэгтэй байх гэж бодож явсанаа гүйцэлдүүлэх боломж бага саг бүрдсэнд баяртай байна. Өмнө би “Миний мэдэх нийгмийн антропологийн үүсэл хөгжил, судлах зүйл” гэсэн жижигхэн бичвэртээ тодорхойгүй орхисон болон дутуу тайлбарласан зүйлсээ энд гүйцээх зорилго тавьсан юм.

Антропологи улс орон бүрт харилцан адилгүй үүссэн байдаг гэж өмнөх бичлэгт хэлсэн. Энэхүү байдлаа дагаад ч судлах зүйл, нэр томъёо, хөгжил нь ялгаа заагтай байсан үе бий. Жишээлбэл: АНУ-д антрополги нь аль XIX зууны сүүл үеийн Ф.Боасын нөлөөгөөр археологи, биологийн антропологи, соёлын антропологи, хэлний антропологи гэж хялбарчлан нэрлэж болмоор дөрвөн дэг сургуульд ангилагдан маш өргөн хүрээний судалгаа шинжилгээ хийж байсан нь өнөө ч уламжлагдан ирсэн байна. Тийм ч учраас өнөөдөр АНУ-д антропологи гэж дан ганц нийгэм, соёлын антропологи юм уу эсвэл биологийн антропологийг ойлгодоггүй харин ч дээрх судалгаануудыг бүхэлд нь хамруулж ойлгодог байна.

Харин энэ ухааны үүсэл хөгжил Их Британид АНУ-аас нэлээд өөр байжээ. Англичууд нийгмийн антропологи гэсэн нэрийн дор ямар нэгэн нийгмийн бүтцийг судалж ирсэн байдаг төдийгүй үүнийгээ дотор нь улс төрийн, ураг төрлийн, эдийн засгийн, шашны антропологи хэмээн ерөнхийлөн хуваасан байдаг. Гэтэл Америкчууд соёлын антропологиороо аливаа ард түмний соёлыг судлах ёстой гэж тунхаглаж байсан нь Англичуудын аливаа ард түмний нийгмийг судлах ёстой гэсэн нийгмийн антропологийн санаатай өнгөц байдлаар зөрчил үүсгэн олон жилийн маргааны үндэс болсон байна. Соёлын эсрэг нийгэм хэмээсэн энэ маргаан 1970-аад оноос хойш энгийн үгээр бол соёл нийгэм гэдэг хоёр зүйл онцын ялгаагүй гэсэн төгсгөлд хүрсэн байгаа юм. Үнэхээр ч аливаа ард түмний соёл, нийгэм нь хоорондоо эвлэрэшгүй том илэрхий ялгаа байхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой байх. Гэхдээ өнөөг хүртэл энэ ухаан АНУ-д соёлын антропологи, Их Британид нийгмийн антропологи хэмээсэн нэртэй байгааг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та интернетээр social anthropology гэж бичээд хайлт хийвэл Английн дэг сургууль, cultural anthropology гэвэл Америкийн дэг сургуулийн тухайх мэдээлэл гарч ирнэ гэсэн үг.               

Гэтэл манай улсад бол антропологи гэдэг ухааныг ганцхан биологийн утгаар нь ойлгож байсан нь манай улсад биологийн антропологи нь нийгмийн антропологиосоо нэршилийн хувьд нэлээд өмнө хөл тавьсантай багагүй холбоотой юм. Мөн энэ хоёр салбар ухаан нь нэг нь нөгөөдөө агуулагддаг бус харин судлах зүйл хамрах хүрээ нь тус тусдаа байдаг салбар ухаанууд гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Дараагийн удаад улс төрийн антропологийн талаар бэсрэг удиртгал бичих болно. Энэ салбар нь бас нэлээд сонирхолтой судалгаатай болно. Энэ талаар дэлгэрэнгүй зүйл мэдэхийг хүсвэл Д.Бум-Очир багшийн “Улс төрийн антропологийн онолын үүд” хэмээх бүтээлийг үзэж болно.  

 

ЭНЭТХЭГ УЛСАД ОДОГСДОД ЗӨВЛӨХҮЙ 2

Өмнө бичсэн бичлэгээ үргэлжлүүлж байна. 

1.      Зорьсон газраа ирчихлээ. Орчиндоо дасан зохицоод амьдраад байж дээ. Долоо хоног бүрийн Монголчуудын цугларалтанд очоод архи дарс гээд байхгүй байвал зүгээр биз. Архи уухаараа л болохоо байдаг “Чингисийн үр садын” онигоо энүүгээр л дүүрэн байна. Хүний газар нэрээ гэгчээр Монголоо Энэтхэгчүүдэд зөвөөр танилцуулж учир зүйтэй явахгүй бол хэн нэгэнтэй нь маргах, эсвэл Монголоо муугаар таниулах тохиол гарч магадгүй. Энд ирээд Монголынхоо түүхийг мэдэж байгаа залуус мэр сэр байна. Тийм болохоор жаахан үүх түүхээ, өнөөгийн Монголын байдалын талаар бага сага мэдээлэлтэй болоод ирвэл хүний асуултанд нүүр улайхгүй байх шүү.

2.      За тэгээд дайралдсан Монгол бүртэй ижий ахай болоод бараг дэмий биз. Аятайхан зан ааштай нэгэнтэй танилцаж, найзалж нөхөрлөж болох байх. Энд удсан нэгэн нь хашин морь шиг “зан суугаад” шинээр ирж байгаа нутаг нэгтэнээ дээрэлхэх, хэдэн төгрөгийг нь салгах асуудал байх л юм. Ирээд удаагүй нэгнээ хар өглөөний 5-н цагт хөөж босгоод тамхинд гүйлгэдэг, зодож нүддэг гэх мэт марзан зантай нөхдүүд мэр сэр сонсогдож л байна. Хэн нэгэнд дээрэлхүүлж байсан “сэтгэлийн шархаа” энэ маягаар тайлж тайтгардаг юм болов уу даа. Сагс тоглож байсан дүү нараас маань “хөөе наад ус аваад ир” гэж том дуугаар усыг нь нэхсэн шог нэгэн дээрхийн энгийн жишээ юм болов уу.   

3.      Хол ойр ийшээ тийшээ явах хэрэг үүсвэл аль болох хямд зардалтай унаа сонгож байвал зүгээр. Жишээ нь: метро гэж их хямд унаа байна. Явах чиглэлээ хэлээд суувал амар л байдаг юм. Янз бүрийн такси энэ тэр хүнээс хэдэн төгрөг салгах дээрээ гаргуун сайн байдаг талтай. Энд 2 жил болчоод автобусанд сууж үзээгүй Монгол байж л байна. Эндэхийн оюутнууд нэг нэгэндээ автобусанд сууж үзсэнээ сонин болгож ярьдаг гэнэ. Намайг суудаг гэхээр гайхаж байгаа хүмүүс бас байна. Уул нь автобус нь аав ээжийн чинь хэдэн төгрөгийг хэмнэх юм даа. Монголчуудын л цамаан, хэнэггүй зан биз дээ.

4.      Ихэнх байр нь халуун ус байхгүй байдаг тул та хүйтэн усанд л орох хэрэг гарах байх. Мэдээж халаагч энэ тэр авч тавьж болно. 00 руугаа бараг л шанагаар усаа хутгаж хийх байх шүү. Тэгэхгүй байсан ч болно л доо. Байр хөлслөхдөө сайн муу олон талаас нь судалж үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол энд янз бүрийн асуудал үүсвэл хэндээ гэж хэлж шийдүүлэх билээ.

5.      Гэнэт баахан мөнгөтэй ирчээд чихэр жимс, зугаа цэнгэлд өгчихдөг хүмүүс байгааг үгүйсгэх аргагүй. Мөнгөнийхөө зарцуулалтанд өөрөө болон эцэг эхээрээ сайн хяналт тавиулж байх хэрэгтэй. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхэддээ хүссэнийх нь хэмжээгээр, хүний нутагт яваа гээл өгөөд байвал, мөнгө чинь хэрэггүй зарагдаж байгаа гэдэг нь ойлгомжтой. Тэр мөнгөөр энд юу ч хийж байгаа юм билээ. Ер нь манайхан “амьдрал үзээгүй” хүүхдүүдээ гадагшаа явуулах нь ихэссэн. Тэр нь тэндээ жинхэнэ “амьдрал үзэж” нэг хэсэгтээ шоктой байдаг нь нууц биш. Үүн дээр анхаарвал зүгээр биз. Мэдээж хэн л өөрийнхөө хүүхдийг муугаар бодох вэ. Гэхдээ нүднээс тань далд юу ч болж мэднэ. “Хувцас угаадаг газар байна уу, хамаг хувцас хир болчоод, өмсөх юм алга” гэж хэлэх, өөрсдөө хувцасаа угаагаад өмсчихдөггүй даварсан гэмээр юм уу эрхэлсэн гэмээр юм уу хоёр хөөрхөн хүү бол дээр хэлсэн санааны нэг жишээ юм даа.

6.      Энд ирж байгаа Монголчууд олон улсын карт аваад мөнгөө байршуулсан байх нь их. Уг картын бэлэн мөнгө авахад тооцогдох шимтгэл нь 0,3% гэх боловч Энэтхэгийн АТМ-үүд янз бүрээр бодож шимтгэл авах нь түгээмэл юм шиг ээ. Заримдаа бага заримдаа их бодсон байгаа нь илт мэдрэгддэг. Хэдэн төгрөгнийхөө ихэнхийг нь банкны шимтгэлд алдаад байвал юу нь сайхан байх вэ. Хамт амьдарч байгаа залуу маань гэхэд 300 орчим доллар “алдчаад” сууж л байна. Зарим Монголчууд энэ байдлаас нь болоод орж ирсэн мөнгөө бүгдийг нь нэг дор авчихдаг гэсэн. Яаж энэ асуудлыг шийдэх талаар хувьдаа би шийдэл олоогүй л байна. Үүнийг бодож үзээд нэг гарцтай болвол зүгээр байх.

7.      Энд худалдаа наймаа хийхдээ, наймаачны хэлсэн ханшинд нь итгэж болохгүй шүү. Таны санаанд оромгүй байдлаар бараа таваарын үнэ ханш буурна. Заримдаа ухаан алдмаар буух тохиолдол ч бий. Гэхдээ та өөрөө хамаагүй давраад хэт буулгах гээд үзчив ээ. Өөрийгөө ч өрөөлийг ч зовооно. Юм бүхнийг таарсан үнэнд нь авч болоод байдаг газар. Ерөнхийдөө л манайхаас хямд үнээр аливаа зүйлийг авч байвал болоо гэсэн үг. 

8.      Тамхи энд нэлээд үнэтэй байх нь харагддаг. Манайхан болсон хойно тамхин “угжтай” юм чинь энэ бас нэг асуудал байх аа. Ер нь бол нэг ширхэг тамхи Монгол мөнгөөр 150 болон түүнээс дээш үнэтэй байх болов уу. Хүн өдөрт хэдэн тамхи татах билээ. Нэлээд л мөнгөний тоо гарах байх. Гэтэл энд 2 ширхэг тамхиний үнээр хоол идэж болно шүү дээ.

За ингэсгээд энэ удаа дуусгая. Өөр асуумаар зүйл байвал асууна биз дээ. Энэтхэг хүмүүс найрсаг, нөхөрсөг байх нь их тул та энд амьдрахдаа нэг их асуудалгүй амьдраад байж болох байх аа. Мэдээж өөрөө асуудал үүсгээд байхгүй бол. За тэгээд амжилт хүсье.

 

ЭНЭТХЭГ УЛСАД ОДОГСДОД ЗӨВЛӨХҮЙ 1

Хэний блог дээрээс билээ, Энэтхэг улсад зорчих хүмүүст өгөх зарим зөвлөгөө гэсэн зүйл уншиж байсанаа санаад түүнтэй төстэй бичвэр бичдэг юм билүү гэж бодлоо. Тэр бичлэг нэлээд албаны шинжтэй байсан бол харин минийх албан бус байх болов уу.

  1. Хамгийн түрүүнд та яагаад заавал Энэтхэг улсад сурах, зорчих, аялах гэж байгаагаа сайн бодох хэрэгтэй байх. Манайханд гадаад л гэхээр кинон дээр гардаг сайхан газар, сайн хүмүүс байдаг мэтээр төсөөлдөг хүмүүс мэр сэр байдаг нь нууц биш. Хэдийгээр Энэтхэг улс нь “хямд зардлаар гадаадад сурах” сайхан боломж мөн боловч энд сайн муу, сайхан муухай олон янзын амьдралын өнгө байдаг гэж хэлмээр байна. Их өндөр сэтгэгдэлтэй ирээд зарим зүйлээс нь болоод санаагаар унасан тухайгаа ярих Монголчууд байж л байна. Хүмүүсээс сайн асууж сурах хэрэгтэй болов уу.
  2. Ирэхээсээ өмнө эмнэлэгийн үзлэгт сайн орох хэрэгтэй байх. Халуун газар амьдарч чадахгүй зүрх судасны өвчтэй бол наашаа зүглээд дэмий биз, мөнгөө үрнэ. Ер нь биеэ сайн үзүүлж, сайн шинжилгээ хийлгэх нь зөв. Энд ирээд мэдэгдэхгүй байсан янз бүрийн өвчин нь сэдрээд сүйд болвол яана.
  3. За явах боллоо. Виз гэдэг зүйлээ авах хэрэгтэй болно. Энэ улсын виз үнэгүй, яршиг чирэгдэл багатай байдаг сайн талтай. Гэхдээ та залуухан, ганц бие бүсгүй бол виз мэдүүлэхдээ хэн нэгэн эрэгтэй эсвэл найз нөхдөө дагуулан Энэтхэгийн элчин дээр очихыг хичээгээрэй. Учир нь визтэй холбоотой ажилчид нь Монгол охидуудыг “орой кино үзэхээр урих” тохиолдол байдаг төдийгүй уг хүсэлтэнд нь өгсөн хариугаар визний хугацаа, өгөх хоног наашилж цаашлах магадлалтай. Энэ асуудал Монгол улсын ерөнхийлөгч Энэтхэг улсад айлчлан, Монгол оюутнуудтай уулзах үеэр хөндөгдөж байсан тул удахгүй гайгүй болж магадгүй. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ.
  4. Мэдээж мөнгө санхүү гэсэн том асуудалаа сайн төлөвлөх хэрэгтэй. Гэнэтийн асуудал гарч мэдэх тул яг тулсан мөнгөтэй бус нөөц мөнгөтэй явсан нь дээр байх. Бэлэн доллараа Энэтхэгийн онгоцны буудал дээр солиулах гэж яараад дэмий биз. Учир нь нэлээд өндөр татвар аваад байсан. Тэгээд олон хүний нүдэн дээр их мөнгө гаргаж ирэх байдал нь танд эрсдэл авчирах нь ойлгомжтой.
  5. Яаж явахаа өөрөө шийднэ биз дээ. Улаанбаатар Бээжин Дэли гээд нисэж болно. Улаанбаатар Бээжин хүртэл галт тэргээр, цаашаа онгоцоор бас болно. Арай хямд. Гэхдээ Бээжинд таньдаг хүнтэй байх хэрэгтэй. Их сайн таньдаг хүн бол онгоцны хямд билет бас олж өгч чадах байх. Тэгвэл хэдэн төгрөгт хэмнэлттэй л биз дээ. Бүр хямд явмаар байвал галт тэргээр Лхас ороод тэндээсээ автобусаар Балба улсад очоод, тэндээсээ Энэтхэг улсад ирж болно. Зардал нэлээд хямд гарах байх, гэхдээ “дөтлөх гэсэн биш дөрөв хоног” гэдэг болж магадгүй. Хугацаа их авна. 
  6. Хамгийн анх хэцүү санагдах зүйл бол цаг агаар байж магадгүй юм. Энэтхэг нь Өвөл (12 сараас 2 сарын дунд, градус нь 10-20), Хавар (2 сарын сүүлээс 3 сарын дунд, 20-25), Зун (4 сараас 6 сар, 25-40, түүнээс дээш), Борооны (7 сараас 9 сарын дунд, 30-35), Намар (9 сарны сүүлээс 11 сар, 20-30) гэсэн таван улиралтай тул аль үед нь ирж байгаасаа болж өмсөж зүүх идэж уухаа зохицуулна биз дээ. Гэхдээ яг улирал улиралдаа дээрх градусаар байхгүй нь ойлгомжтой. Одоо 9 сарын сүүл болж байхад Дэлид 36 градустай л байна. Сүүлийн жилүүдэд энд ган болоод бороо орох нь ховордсон гэж, нутгийн хүмүүс нь ярьж байсан.
  7. Ирсэнийхээ дараа Монголын Элчин Сайдын яам дээр очоод “энд хоёр хөлтэй, хохимой толгойтой” амьтан ирсэн шүү гээд мэдэгдчихвэл зүгээр байх. Хүний нутаг, гүний газар ямар нэг асуудал тохиолдвол элчин сайд л хэрэг болох болов уу даа. Ер нь хашир, хэнэгтэй байсан нь дээр.
  8. Энд хүн бүр Англи хэлээр дуржигнуулаад байхгүй ээ бас. Манай багшийн хэлсэнээр бол Энэтхэгийн нийт хүн амын 25 хувь нь Англи хэлээр чөлөөтэй ярьдаг гэсэн. Тэгэхээр та Англи хэлийг бас яг орчинд нь үзэж байгаа биш шүү. Гэхдээ Монголоос хэд дахин дээр байх нь ойлгомжтой.
  9. Бохир заваан байдал маш их тул хувийн болон өөр ариун цэврийг маш сайн сахихгүй бол өвчин авах магадлалтай. Баталгаагүй элдэв хүнс хоол энд тэндээс авч идэхгүй байвал зүгээр шүү. Сонин харагдсан бүхнийг соохолзоод идээд байвал наандаж гэдэс тань өвдөнө, цаанадаж ходоодны архаг хуучтай л болох байх. Ногоо цагаа хямд тул өөрсдөө хоолоо хийгээд идсэн нь сэтгэлд сэвгүй.
  10. Амьдарч байгаа нийгмийнхээ соёл, зан заншилийг хүндлэх хэрэгтэй. Хэдэн мянган жилийн түүхтэй соёл иргэншилийн юуг ч бид өөрчилж чадахгүй. Авах зүйлээ аваад, хаях зүйлээ гээгээд явсан нь дээр. Энгэр заам, гуя хасаа гаргасан хувцас эрэгтэй эмэгтэйгүй өмсөхгүй байвал сайн гээл олон зүйл дээр анхаараарай.
  11. Энэтхэг хүмүүс “халууны тэмээ” шиг алмай нь дэндсэн хүмүүс тул аль болох өөрийнхөө төлөө өөрөө гүйх хэрэгтэй. Би лав нэг удаагийн оролдлогоор асуудалаа шийдэж байсан удаа байхгүй л байна. Энэтхэгчүүд дандаа л дараа, маргааш гэж хэлэх нь түгээмэл байдаг. Тэр хэв маягт нь та орчихвол, хайран цагаа бас, уураа л барна шүү. Өөрөө сайн идэвхитэй гүйх хэрэгтэй.
  12. Энд ирсэн бол 14 хоногийн дотор гадаад иргэдийг бүртгэдэг албанд нь очиж бүртгүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хугацаа хэтэрсэн гээд Монгол мөнгөөр ойролцоогоор 40 000 гаруй төгрөгөөр торгодог юм. Өглөө эртхэн очиж дугаарлахгүй бол олон хүмүүс ирдэг тул дараа дахин ирэх хэрэг гарч мэдэх байх. Уг алба нь таныг бүртгэхдээ байр хөлсөлж байгаа гэрээ, хэдэн хувь цээж зураг, паспорт, визний хуулбар, сургуулийн тодорхойлолт зэрэг зүйлс шаарддаг. Тэр бүгдийг нь зөв зүйтэй бүрдүүлчихвэл болох байх.

За нэг ийм л байх шив дээ. Нэг их гэгээрсэн Бурхан аятай хүмүүст баахан зөвлөгөө өгчихлөө. Сайн муугийн аль нь болохыг мэдэхгүй л байна. Өөр асуумаар янз бүрийн зүйл гарвал асуугаарай хариулахыг хичээнэ. Ер нь манайхан энд тэнд явахдаа тухайн орныхоо талаар элдэв зөвлөгөө бичиж байвал зүгээр юм шиг ээ. Хойшид очих хүмүүст ч хэрэгтэй, бас мэдээллийн чанартай байх юм болов уу.

ЭНЭТХЭГ ШОК (үргэлжлэл)

Анхны бичлэг дээр Энэтхэг улсын сайн сайхныг харахыг хичээвэл... гэсэн маягтай сэтгэгдэл байна аа. Үнэн л дээ энэ орон чинь дандаа муу муухайгаар дүүрэн биш л дээ, түүнээсээ илүү сайн сайхантай байх аа. Дэлхийн 5 дах том эдийн засаг хүссэн бүхнээ хийж чадах нь ойлгомжтой. Гэхдээ миний бичлэгийн гол санаа нь энэ орныг муулах бус, гадны хүнд анх төрөх шууд сэтгэгдэлийг ямар ч дүгнэлт шүүлтүүргүй дэлгэх гэсэн санаа болно. Хамт амьдарч байгаа болон өдий болтол уулзсан Монголчууд, анх ирээд ямар санагдаж байснаа шок хэмээн ийнхүү өгүүлж байсан учраас би ийм нэр сонгосон юм. Нэг залуу бүр “гадаад л гэхээр манайхан сайхан гэж боддог байх эндэхийг л хар даа ямар байна Монгол шиг сайхан газар алга” гэж байсан нь санаанд бууж байна. Энэ бүхнээр би өөрийгөө өмөөрөх гэсэнгүй, мөн Энэтхэгийг муулах гээгүйг маань ойлгоно биз. Миний бичсэн бүхэн энгийн л гадны хүний нүдээр тэднийг харсан хараа болохоос эцсийн үнэн биш шүү. Заримд нь сайхан санагддаг байж болно шүү дээ энэ орон. Хамгийн гол нь тэдний энэ амьдрал нь өөрсдөд нь ямар ч асуудал үүсгэдэггүй, харин ч тэд нар энэ амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэдэгт нь би итгэлтэй байна. Ямар ч л байсан залуус нь манайхан шиг яаж ийж байгаад гадагшаа гарчих юмсан гэсэн чин эрмэлзэл байхгүй, эх орондоо сайхан амьдрана, эх орноо хөгжүүлнэ гэж боддог нь надад таалагдсан. За одоо дэндүү нуршуу оршилыг хойш тавиад гол зүйлдээ анхаарал хандуулъя.     

Замыг хөдөлгөөний дүрэм энэ тэр гэдэг зүйл их маруухаан энд. Монголд цагдаа нарын дунд судалгаа хийж явахад замын цагдаа нар даргаасаа өдрийн 60 000 төгрөгний торгуулийн хуудас авч гараад өдөртөө дуусгах ёстой байдаг гэж ярьж байж билээ. Харин энд бол тэр их хуудсыг дуусгах байтугай сарын дотор байрны мөнгө хийнэ шүү. Торгох шалтаг мундахгүй их гарна энд. Дээрээс нь нэлээд машин нь тольгүй байх юм аа. Жолоочийнхоо талд эсвэл “даргын суудал”-ын толь байхгүй байна. Манайхан шиг толь хусдаг хүн энд байхгүй болтой, цаанаасаа л ийнхүү үйлдвэрлэгдэж гарч байх юм. Зарим нь толио хугалсан ч шинийг авч хийгээгүй явж байгаа харагдана. Машинууд нь галзуу хулгана гэсэн үг. Байнга цочтол сигнал дарна, хүмүүс нь түүнийгээ тоохчгүй юм. Нийтийн тээвэр нь чихэх гэж алж өгнө. Улаанбаатарт 5-н шард чихдэг бол юу ч биш, энд ёстой л нөгөө онигоон дээр гардаг шиг жирэмсэн болчих шахна. Манай автобус хаалгаа хаагаад хөдөлдөг бол энд бараг хаалганы хэрэг байхгүй. Нэгт, салхи орно. Хоёрт, хүмүүс нь хаалганаас нь дүүжлэгдэнэ гэсэн давуу талуудтай. Балба Энэтхэг хоёрын хооронд явдаг автобусанд бол хүн нь багтахгүй дээр нь гараад суудаг тухай итгэмжит хүний амнаас сонслоо. Харин метро гэж сайхан унаа байна аа. Хурдан хямд, сэрүүхэн амар зүгээр. Алан хядагч нар бөмбөг дэлбэлчих гээд айлгаад байдаг гэсэн. Тийм ч учраас метроны буудал нь харуул хамгаалалт үнэн чанга, буутай цэрэг цагдаа ихтэй. Хаа очиж тэд нар нь хүмүүстэй их аятайхан харьцах юм. Мөн манай микро шиг, хүн тэрэг байна. Ойрхон газар явна, тэр хавьдаа хаана ч хүрсэн 10 рупи. Түүнчлэн гурван дугуйтай такси байна, тоолууртай ер нь гайгүй үнэтэй. Гэхдээ жолооч нар нь биднийгээ шулах гэж зүйл бүрээр үзнэ. Мэдээж сэрүүхэн сайхан кондишинтэй машинан такси байна. Хол газар тусгай захиалгаар явдаг юм шиг байгаан. Нэг удаа онгоц буудал орж хүн гаргаж л өгч үзсэн түүгээр нь. Унааны хувьд нэг иймэрхүү байна.

Одоо цаг агаар сайхан болох тийшээ хандаж байна аа. Энд ирэх гэж байгаа хүмүүст зөвлөхөд 10 сараас 3 сар хүртэлт хугацаа их тохиромжтой юм шиг ээ. Энд хамгийн халуун үе нь 5,6,7,8 сар байдаг гэнэ. Манай багш одоо байнга л slowly, slowly winter come in, эсвэл weather change гээл байгаа. Өвөлдөө их жиндүү гэсэн яахын болоо гэж. Манайхан болсон хойно л Монгол муухай гадаад гоё гэж ярих дуртай улс. Тийм хүмүүс энд ирэх бол за ер нь гадагшаа явах гэж байгаа бол тэр улсаа маш сайн судалж байгаад ирэх хэрэгтэй юм шиг ээ. Хамт ирсэн охинд маань эндэхийн цаг агаар таарахгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орчих гээд хоёр хоноол Монгол руу буцсан. Замын зардал, хоол унаа гээл их л мөнгө үрж ирдэг, тэгтэл тэр улсаа сайн судлаагүйгээсээ болоод “шатаад” байх юм бол ямар хэрэг байна.  

Бас блог дээрээ зураг оруулах гэхээр манай энэ хавийн “нэт”-үүд үнэ удаан хамгийн сайн нь л Pentium III, хүмүүст хэлэхээр итгэхгүй юм. Наад улс чинь мэдээлэл технологийн улс шүү дээ гэнэ. Мэдээж сайн “нэт”-үүд байгаа байх л даа. Даанч манай эндэх тийм биш юм. Тэгээл зураг оруулж чадахгүй байна. Ядаж байхад энд бас тог, эсвэл сүлжээ тасарна аа. Тэгээл бүх зүйл утга байхгүй болж байгаам даа. Хуучин аймгийн төв л ийм байж билээ гэж бодох юм. Оройн 23 цагт телевиз дуусна. Мөн тог тасарна. Түүнээс өмнө ороо засаад, унтах хэрэгтэй. Энэ байдал тэр үеийн ихэнх хүмүүсийг оройн 23 цаг болохоор л унтах гэж яардаг сэтгэхүйтэй болгосон юм шиг санагддаг юм надад.

Энэтхэг хүмүүс харин их эртэч өглөө яагаа ч үгүй байхад л босоод ажлаа хийгээд байна. Бас орой унтаад байх шиг санагдаж байна. Дээрээс нь бараг хүн бүр л нэг ажил эрхэлдэг юм шиг. Залуучууд нь ч гэсэн сургууль соёлоо төгсөөд өөрийн гэсэн нэг бизнес, эсвэл томоохон компанид ажилд орно гэсэн бодолтой байдаг болтой юм. Тэрнээс биш манайхан шиг сургууль үнэн төгсөв үү, үгүй юу төрийн албаны шалгалт өгөөл, төрийн албанд орох гэж хахууль энэ тэр гэж марзагнадаггүй болов уу гэж бодож байна. Сургууль төгсөж буй хүүхэд яаж ийж байгаал аль нэг намын гишүүн болж аваад, ямар ч баялаг бүтээдэггүй төрийн албанд орчих юмсан гэж бодоод, зүүдлээл байдаг гаж тогтолцоотой улс даа манайх. Гэтэл баруунд бакалавр зэрэгтэй хүнд бараг ажил олдохгүй байдаг юм биш үү. Сайн ажилтай болмоор байвал сайн зэрэгтэй байх хэрэгтэй байдаг гэсэн. Мөн тэнд сургууль төгсөгчдийнх нь 80 гаруй хувь нь өөрийн бизнесээ эхлүүлэх төлөвлөгөөтэй байдаг бол манайд тийм биш. Энэтхэгт төрийн албанд орох гэж байгаа залуус нь тусдаа байр хөлслөөд хэдэн сарын өмнөөс бэлддэг аж. Арга ч үгүй биз дээ хэдэн зуун мянган хүн өрсөлдөнө биз дээ. Өөр нээрээ хадуураад явчиж, миний амьдарч байгаа гудаманд айл болгон бараг дэлгүүртэй. Тэр нь бага саг төрөлжсөн байна аа бас. Гудас зардаг, хоол зардаг, хятад маягийн гоймон хийдэг, хүнсний бараа, хувцас хунар, ногоо цагаа, гээл бодоод байсан манай гудаманд байхгүй юмгүй юм байна. Бүр хоёр ч хүн зөвхөн “масалай” хэмээх Энэтхэг цайг манайхаар бол 150 төгрөгөөр зараа л амьдарч байна. Хувцас индүүддэг нэг хүн бий. Хоёр залуу бууз зардаг, нэг залуу төмс шардаг, зөвхөн хоолны амтлагч зардаг нэг хүн байна бас. Бүр түүгээрээ мэргэжчихсэн, хэн нэгний сандаал нь урагдлаа бол өөрөө оёлгүй гуталчинаар оёулах жишээний хөдөлмөрийн хуваарь энд үүсчихсэн. Эрт суурьшсан газар оронд чинь иймэрхүү хөдөлмөрийн хуваарь, олон янзын мэргэжилүүд үүсчихдэг юм биш үү. Ингээл нөгөө капитализм бий болдог болтой. Их сонин сонин мэргэжилүүд энд байгаа биз. Хувцас угаагч, гэр цэвэрлэдэг хүн, муу усны нүх цэвэрлэгч байна, хамт амьдарч байгаа залуус маань бүр чих ухдаг мэргэжилтэнтэй дайралдаж чихээ ухуулсан байгаа юм. Би ирэх амралтын өдрөөр тийшээ явах санаа байна. Эд хөрөнгө зуучлалын газар их байна аа манай гудманд бараг 10 байгаа байх аа. Энэ мэтээр бараг хүн бүр л ажилтай, хүн бүр л нэг юм хийх гээд зүтгээд байхаас манайхан шиг хүүхдийн мөнгөө хүлээгээд хэвтээд байдаггүй болтой юм. Гэхдээ энд эмэгтэй хүн бараг ажил хийдэггүй юм шиг ээ. Дандаа л эрчүүд, гадуур явахад ч гэсэн эр хүн олон байна.

Бас миний бодлоор нэг газар дэндүү олон хүн ажилаад байх шиг ээ. Миний сууж байгаа интернет 7-н комтой, гурван хүн ажилдаг. Дэлгүүрүүд байна нэг дэлгүүрт л гэхэд бага даа 4-н хүн байна. Том дэлгүүр бол тоогоо алдана. Цалин бага авдаг болов уу гэж бодсон. Манай нэг танил ах Энэтхэгт буй Монголын элчин сайдын яамтай холбоотой нэг онигоо ярьсан нь санаанд орлоо. Элчингийнхэн сард 15$ өгөөд нэг хүнийг цэцэрлэгчээр ажиллуулдаг байжээ. Тэр хүн нь ч үнэн сэтгэлээсээ ажлаа сайн хийдэг гэнэ. Нэг томоохон баяраар элчингийнхэн “хөөрхий ажлаа сайн хийдэг юм байгаан цалинг нь 20 болгоод нэмчих хэрэгтэй” хэмээн ярьлцаад цалинг нь нэмж гэнэ л дээ. Гэтэл маргааш нь цэцэрлэгийг нь нөгөө хүн чинь бус шал өөр хүн янзлаад байх юм гэнэ. Гайхаад учрыг нь асуутал, хуучин ажилчин нь  цалин дээр нь нэмэгдсэн 5$-оороо өөр хүн хөлслөөд ажлаа хийлгэчихээд өөрөө зүгээр сууж байсан гэнэ. Нээрээ л бодсон энд хэдхэн зоосоор амьдралаа залгуулаад байгаа хүмүүс бишгүй л их байх шиг санагдаж байна.

Энэтхэг хүмүүс их тусч бас найрсаг санагдсан. Нэг охиноос очих ёстой метроныхоо буудалыг асуутал түрийвчнээсээ метроны буудлуудыг тэмдэглэсэн газрын зураг гаргаж өгч билээ. Хэнээс ч юу ч асуусан их л уриалагхан, гараараа дохин, инээсээр л найрсаг хариулт хэлэх нь түгээмэл. Жаахан алмай боловч амьдралдаа сэтгэл хангалуун, элдэв “том” юм бодож сэтгэлээ чилээж, шуналдаа хөтлөгддөггүй амар хүмүүс мэт санагдсан. Мэдээж цаашид олон сонин учрал, надтай таарах байх. Тэр бүрт нь блогтоо бичих оруулж байхыг хичээх болно. Одоогоор ингээд дуусгая даа. Нээрээ асуулт байвал түүний дагуу хариулаад бичээд байж болох мэт санагдаж байна. Сонирхсон юм байвал асуугаарай та минь.     

 

МЭСЭНЖЭРЭЭР МАРГАСАН ТАНИЛДАА ...

Дахиад л улс төрийн асуудал, өчүүхэн сэдэл их зүйлийг бодогдуулах юм. Манайханд ер нь ямар нийгэмд амьдарч байгаагаа ойлгодог хүн байна уу. Ардчилсан гэж хариулах гээд бэлдэж байна уу та. Тэгвэл нэг аятайхан, хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн нэг тодорхойлолтыг нь хэлчих дээ. Мэдэж байна уу, мэдэхгүй байна уу, эсвэл өөрийнхөө үгээр муйхарлах гэж байна уу, заавал мэдэж байх албатай эд биш л дээ. Гэхдээ та мэдэхгүй байгаа бол, эсвэл дутуу мэдэж байгаа бол жаахан харамсалтай л байна. Таны энэ байдал дээр чинь элдэв нам, улс төрчид тоглож, сонгуульд ялан, эрх мэдэлд хүрч юу дуртайгаа хийдгийг эрх биш та мэднэ биз дээ. Аль эсвэл бас л үгүй юу.

Таны мэдэх тэр УИХ чинь одоо юуны ч юм бэ дээ нэг цуглуулга болчоод байна. Уул тэнд элдэв янзын хүмүүс биш, элдэвтэй, сүхээтэй, алсын хараатай, дипломатууд суух ёстой байдаг юм. Түүнээс биш манайх шиг “сүнсний” доктор сумочин, ямар нь мэдэгдэхгүй боловсролтой гөлгөр бөх, ажилчдынхаа асуудлыг шийдэж чадаагүй байж, улсын асуудлыг шийдэх гэсэн мугуйд, захын босс, хууль засварлачихаад хүүхэд шиг тунидаг тэнэгүүд суудаггүй гэнэ лээ. Мөн хэт ухаатанууд ч тэнд хийх ажилгүй бүлгээ. Үнэн бол агуу Ньютон Английн парламентад 4 жил суухдаа ганцхан удаа дуугарсан нь “яасан бөгчим юм бэ, цонхоо онгойлгооч” байлаа. Учир нь тэнд түүнд хийх юм байхгүй, түүний оронд тэрээр шинжлэх ухаанаа бодож явсан нь дээр бас амар.

Дээрээс нь та тэнд суугаа хэдэн тэнэгээ яагаад өөрийнхөө болон миний бас бусад монголчуудын амьдралыг сайн мэднэ, бүр сайн удирдаж, улс орныг минь хөгжилд дагуулна гэж тийм их итгэлтэй байгаа юм бэ. Би гайхаж байна, би өөрийнхөө ч амьдралын зарим асуудалд сөхөрч унаад байхад, тэр хүмүүс чинь гэгээрсэн Будда аятай өөрийнхөө амьдралыг, бас дахин 2,7 сая Монголчуудын амьдралын асуудлыг яаж шийдэх юм болоо. Яг үнэндээ бол хүнд өөрийнх нь л асуудал чухал байдаг. Шуурганд амиа алдсан хэдэн арван хүний аминаас илүү надад бол хацар дээр минь гарсан батга асуудал үүсгэж байна. Эсвэл би муу хүн болоод тэр юм болов уу. Үгүй байх хүний мөн чанар ийм байх. Гэтэл та тэд нарт яагаад тэгж итгэнэ вэ. Би итгэхгүй байна, яагаад гэвэл тэд нар чинь миний нэрийг ч мэдэхгүй байж, яаж надад тусалж чадах юм, цаашлаад яаж миний амьдралыг сайхан болгож чадах юм. Тэдэнд итгэсэнээс харин өөртөө итгэж амьдралаа өөд нь татсан нь дээр байх аа.

Миний бодлоор тэд нар ч таньтай адилхан боддог. Өөрсдийгөө бусдаас лаг, би бүхнийг мэднэ, бүхнийг зохицуулж чадна гэдэгтээ дэндүү итгэлтэй байдаг. Энэ байдлаараа ч олон нийтэд хандаж байх нь элбэг харагддаг. Энэ байдлаа ч олон нийтэд хангалттай сурталдлаж, тархи угаалт хийдэг. Та тэр тархи угаалтанд л итгээд байна. Мэдээж хэн өөрийгөө бусдаас доор, муу, тэнэг гэж бодхов. Гэхдээ л хүн алддаг юм. Энгийн хүмүүсийн алдаа, өөрт нь л хохирол явчирна, харин тэд нарын алдаа улс оронд маань гай дагуулна.

Тэд нар энэ хэт өөртөө итгэлтэй байдлаараа асуудалд хандах гээд байдаг нь бараг жам болоод байна. Нэг үг сануулая “хэний ч саналыг сонсоогүй гаргасан шийдвэр эцсийн үнэн, төгс гарц байлаа ч шударга бус л байдаг”. Бусдын амьдралын асуудлыг шийдэх гэж байгаа бол тэр амьдралын эздээс нь асуух хэрэгтэй байдаг юм. Гэтэл тэд тэгэхгүй байгаа нь надад гайхалтай санагдаад байна. Мэдээж тэд биднийг хорлох гэж тийм шийдвэр гаргадаггүй байх. Сайхан амьдралтай болгоно, ингэвэл тэд нар сайхан амьдрана гэх мэтээр л бодож байгаа. Гэхдээ “мэдлэггүй халуун сэтгэл тэнэгээс нэг ах байдаг” юм даа. Тэд чинь ийм л хүмүүс шүү дээ. Тэд чинь энэ л сэтгэлгээгээрээ гэрлэлтийн 500 мянгыг өгч байгаа юм. Үр дүн нь юу билээ залуус бүргүүлээл, мөнгөө хуваагаал, салж байна ш дээ. Ингэж тэд нийгмийн хамгийн анхдагч нэгж, бидний сэтгэл зүрхний нандин холбоог “мэдлэггүй халуун сэтгэл”-ээрээ үгүй хийж байгаа юм. Хүүхдэд нь өгдөг мөнгө ээж аавыг нь ажил хайх хүсэлгүй болгож байгаа юм. Ирэх сонгуулиар тэд нар чинь бараг үнсэлцвэл мөнгө өгнө гэнэ дээ. Харж л байгаарай. Ийм марзан шийдвэрт нь та юундаа дурлаа вэ. УИХ-ын гишүүн болчоод үсээ өөрөөр самнаж, эхнэрээ сольж байгаа тэд нар чинь, улсын ерөнхий сайд болгоё гэвэл толгойгоо, эх орноо ч сольж чадна гэдэгт би бүрэн итгэж байна.

Хэн нэгэнд амьдрал хувь заяагаа даатган, сайхан амьдарсанаас, буруу ч гэсэн өөрийнхөө замаар бүдчин барин зүтгэж, хөлөө олсон нь надад дээр. Эртний Скандинавууд өөрсдийн бэлгэдэл болсон зээтүүн дээрээ “би зам хайж, зам байхгүй бол өөрөө бүтээнэ” гэсэн үгийг сийлдэг байсан аж. Ядахдаа хүмүүс ямар нийгэмд амьдарч байгаагаа ойлгоосой билээ. Энэ бидний амьдраад байгаа нийгэм чинь, хүн өөрөө өөрийгөө бий болгодог, тэжээдэг, тусгаар тогтнуулдаг болохоос хэн нэгэн эрхтэн дархтан бидэнд тэдгээрийг өгдөг нийгэм биш ээ. Та тэгж бодож байвал их андуурч байна. Үүнийг ойлгох нь уул нь идэж уух, өмсөж зүүхээс чинь илүү чухал юм шүү дээ.

Танилдаа болон ижил бодолтонгуудад дээрх үгсийг хэллээ. Хэрвээ та тэдний нэг бол яг одоо зогсоод, замаа өөрчил, биш бол улам хурдан алхал наад замаараа.           

 

ЭНЭТХЭГ ШОК

Энэтхэгт ирээд нэг их удаагүй ч соёлын болон орчны шоктой тулгарч эхэллээ. Ер нь их сонин уламжлал, ёс заншил, шашин суртахуунтай хүмүүс юм. Энэ бүхнийг дараалуулан бичих гээд үзье байз.

Шок 1. Хамгийн анхны шок бол мэдээж цаг агаар. Индра Гандигийн нэрэмжит олон улсын онгоцны буудал дээр шөнөөр буулаа.  Нэг л халуун бүгчим орчин бодож байсанаас илүү халуун байсан. Онгоцны буудлаас гарахаар алхаж явтал шууд машин тэрэг сүлжилдээд унахаар нь ихэд гайхтал гадаа гараад ирсэн байдаг байгаа. Монгол шиг од, сар харах, салхи үлээхийг мэдрэх шахууг бодож явсан надад энэ нь үнэхээр гайхалтай “гадаа нь гараад ирсэн юм уу” гэж өөрийн эрхгүй дуу алдахад хүргэлээ. Цаг агаар нь үнэн бүгчим, халуун, 37 градус гэнэ. Монгол халуундаа халуун л даа, 37 бол хүрэх үе байдаг л байх. Гэхдээ салхитай байдагт нь хамаг учир байж, сэрүүхэн санагддаг юм шиг ээ. Харин энд бараг салхи гарахгүй байгаа нь л халуун бүгчимийнх нь гол шалтгаан болов уу гэсэн онош тавиад байгаа. Зүгээр зогсож байхад л хөлс урсаал, авч гарсан алчуураараа хэдхэн удаа хөлсөө арчаал ахиж ачилтгүй нойтон болно. Би дээрээс нь халууцаж чаддаггүйг хэлэх үү үнэн хэцүү байлаа дасан зохицтолоо.

Шок 2. Төсөөлж байсанаас илүү ядуу хороололууд хүн зон. Дэли гэдэг нь орчин үеийн хөгжилтэй хот байх гэсэн бодол маань амьдрах газраа иртэлээ бөхөөгүй байсан ч өглөө босоол “еээ” гэж дуу алдав. Хамгийн өндөр нь 5 давхар байшин, бохир гудам, юуных нь мэдэгдэхгүй үнэр, үхэр, хүн тэрэгчин, энэтхэг түргэн хоолны газар. Анхны дүр зураг нэг иймэрхүү. Шинэ Дели нь ч ялгаа байхгүй намхан байшин, Энэтхэг стилтэй. Орчин нь үнэн авах юмгүй заваан. Дээрээс нь халуун, алхам дутамд юуных нь бүү мэд үнэрүүд солигдоол, айлын эрх хүүхэд бол энд амьдрахад нэлээд бэрх байна байх. Бохир усных нь хоолой гэрийнхээ хажуугаар, нэг шуудуугаар урсана, бороо орохоор нөгөөх нь халиал гараал ирнэ.  

Үнэн энгийн амьдралын хэвшилтэй хүмүүс байна. Цээж нүцгэн, доогуураа алчуур ороосон, халуун засмал зам дээр хөл нүцгэн алхаж байгаа төрх их нийтлэг дайралдана. Их найрсаг инээн гараа даллаал хажуугаар өнгөрнө.

Шок 3. Халуун ногоо, хоол нь аймаар халуун ногоотой. Хятад хоол хажууд нь юу ч биш. Арга ч үгүй байхдаа энэ их бохирдол энэ тэрээтэй холилдсон хоол хүнснийхээ нян бактерийг ийм их халуун ногоогоор л устгахгүй бол бөөн өвчин зовлон болно биз. Одоо болтол жинхэнэ Энэтхэг хоол идэж чадахгүй л байгаа.

Гэхдээ хүнсний ногоо жимс энэ тэр бол их хямд байдаг юм байна лээ. Монгол харж байгаагүй харлаа ч зурагтаар харж байсан жимснүүдийг энд авч идэж болно. Бас жүүсийг нь оригоор нь шахуулаал их хямд ууж болно. Тэр нь их сайхан даа.

Шок 4. Энэтхэг хүмүүс баруун гараа дээд амны гар гээд зүүн гараа доод амны гар гэж үздэг гэнэ. Биеэ зассаныхаа дараа бөгсөө зүүн гараагаа угаадаг аж. Түүнд нь зориулсан сав суулга “00”-ийн өрөөнд нь байж байна. Бөөн асуудал үүсэв. “00”-ийн цаасны, ойр хавийн дэлгүүрүүдэд байдаггүй. Монгол руу захисан гэж байгаа. Үнэн инээдтэй.

Гадуур хоол идэхдээ тогоочыг нь хараад хоёр гараа ашиглаж байгаад нь “яана даа” гэж бодсон ч энэ бодлоос маань ходоод маань илүү хүчтэй байсан тул нэг их сэжиглэхээ больсон. Гэхдээ би “00”-ийн цаас хэрэглэж байгаа. Зарим нь уламжлалт энэ аргаа хэрэглэхийг зөвлөж л байна лээ, болий.

Шок 5. Манай гэрийн хаалгануудын түгжээ нь бүгд буруу талдаа буюу гадна талдаа байх юм. Уул нь бол хаалганы түгжээ дотор талдаа байж дотроос нь түгждэг биз дээ. Энд тийм биш юм аа их сонин, ялангуяа “00”-ийн өрөөнд орох, усанд орох энэ тэрд асуудал нэлээн үүсэж байна. Гаднаасаа цоожлуулаал, дуусахаараа “хөөе онгойлгоорой” гэж дуудаал үнэн гоё.

Шок 6. Ирсэний дараахан хоёр том жоом агнав. Эндэхийн жоом гэдэг нь бараг гэрийн хулгана шиг том юм байдаг юм байна. Би өөрөө айгаал, шалны мод шиг юмаар цохиж алсан, бас их хурдан гэж байгаа тэд нар. Энд ирсэнээсээ хойш хоёр том, хоёр жижиг нийт дөрвөн жоом, нэг хулгана агнасан “олзтой” байх шив.

Энд ер нь янз бүрийн амьтан ихтэй юм. Орой цэвэрлээд унтсан хананы буланд өглөө аалз нь тороо татсан байх нь энгийн асуудал, заримынх нь нэрийг мэдэх, заримынх нь нэрийг үл мэдэх амьтад зөндөө л байна. Ихэндээ дотор арзагнаад хэцүү байдаг байсан бол одоо арай дасаж байх шиг.

Шок 7. Таван давхар байшинг ганц ч машин техник ашиглахгүй барьчих юм аа. Манайд бол бөөн юм болно доо бараг. Гэтэл энд нэг ч оньсон, өргөдөг багаж хэрэгсэлгүй зүгээр л бүгдийг гараараа хийж байгааг харлаа. Энэ шинжээрээ бол Дели ч билүү хаанахын билээ метрог гараараа ухсан гэдэг нь үнэн юм байна л даа. Тэгээд энд байшинтай болох, барих гэдэг бас амар, хямд талдаа болтой. Хана нь гэхэд л 24-ийнх байна. Тэгээл шохой орно элдэв маяг байхгүй амархан босно. Аа нээрээ шал нь нэг чулуун хавтанг зүсэж хийж байгаа харагдсан.

Шок 8. Дэли их олон захтай. Зах дээр нь барааных нь үнэ буурах гэж үзүүлээд өгнө. 4500 рупины бараа (135 000 төг) 400 болтол (12 000 төг) буух нь энүүхэнд. Наймаа хийх талаараа хятадуудаас илүү ур ухаантай болтой юм. Аймаар өндөр үнэ хэлээл навс унаад өгнө. Мэдээж энд үнэтэй бараа нь үнэтэй, хямд нь хямд байна. Ерөнхийдөө л манайхаас хямд. Хүнсний бараа харин нэлээд хямд байгаа нь ашиглагддаг. Брэндийн бараа бол Энэтхэгт үйлдвэрлэсэн байх тул их боломжийн үнэтэй харагдсан. Манайхан болсон л хойно юмны үнэ, эмэгтэйчүүд хоёрыг нь асуудаг болохоор бичлээ. Харин эмэгтэйчүүдийг нь бол ёстой мэдэхгүй шүү.

Магадгүй зарим нэгэнд нь дэндүү муу талыг нь бичсэн мэт байж магадгүй. Гэхдээ худлаа зүйлс бас биш ээ. Энгийн ямар ч “өнцөггүй” нүдээр харахад ийм дүр байна. Мэдээж бичье гэвэл олон зүйл л байгаа даа одоо ингээд болно. Энэтхэг хүмүүс өөрсдийгөө “их хөгжиж байгаа, бид дэлхийд мундаг болно” гэсэн бодолтой байдаг мэт сэтгэгдэл надад төрсөн. Мэдээж Монголоос эдийн засгийн хөгжил сайн гээд илүү зүйл эдэнд байгаа ч дэд бүтэц муу, тог тасрах, аймаар удаан интернет нь тасрах гэх мэт “марзан” байдалууд нь дээрх бодолд нь итгэх итгэлд минь эргэлзээ төрүүлж л байгаа. Мөн аймаар олон ядуусаа яах гэж байгаам болоо. Монгол бол үсрээл 200 мянган ядуучуудтай байх, энд бол хэдэн зуун сая ш дээ. Тэгээд хүмүүс нь аймаар бүдүүлэг, ахуйн наад захын соёл их муутай гээд хэлээд байвал зөндөө л шалтагаар би Энэтхэгийг сайн сайханг муулмаар байна. За дараа болий доо.

 

МИНИЙ МЭДЭХ НИЙГМИЙН АНТРОПОЛОГИЙН ҮҮСЭЛ, СУДЛАХ ЗҮЙЛ

Блог дээр маань сэтгэгдэл үлдээсэн нэгэн “антропологи гэж юу хэлээд байгаан, тайлбарлаад өгөөч ээ” гэсэн байсан. Үнэндээ энэ асуудал энгийн уншигч ч биш нийгмийн ухааны мэргэжлийн хүмүүсийн хувьд ч “үл мэдэгдэх” асуудал байх гэж би бодож байна. Тийм болохоор үүнд хариулах гэж хичээе. Дутуу гацууг мэддэг хүмүүс нь нөхөж өгөхийг хүсэж байна. Мөн энэ бичлэг мэргэжлийн бус илүү олон нийтийн шинжтэй гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Антропологи гэдэг үг нь шууд орчуулбал хүн судлал гэсэн үг. Тэгэхээр social anthropology гэдэг нь нийгмийн хүн судлал гэсэн үг болно. Хүн судлал гэдгийн монголд биологийн хүн судлал талаар нь хүмүүс сайн мэдэх болов уу. Харин нийгмийн хүн судлал гэхээр оюун ухаанд нь нэг л буухгүй байгаа байх. Энгийн үгээр бол хүн хэдий махтай цустай, хоол идэх ёстой, түүнийгээ баас болгон гаргадаг гэх мэт илэрхий биологийн амьтан боловч нөгөө талаар хэлд ордог, цагаан сараар золгодог, архи уудаг, тамхи татдаг гэх мэтээр “нийгмээсээ сурч байдаг” нийгмийн шинжтэй амьтан юм. Биологийн хүн судлал хүнийг их бүдүүлэгээр хэлэхэд арьс, яс, өсөлт бойжилт, ген өөр юу байдаг юм тэр бүх үүднээс нь судалдаг бол, нийгмийн хүн судлал хүн төрсөн өссөн нийгэм соёлоосоо юу юуг олж авдаг тэр нь эргээд хүндээ ямар хэрэгтэй вэ гэх мэт биологитой хамаагүй илүү нийгмийн асуудлыг судалдаг юм. Өөрөөр хэлбэл монголчууд цагаан, хөх өнгөнд дуртай байдаг. Цагаан сараар ахмад хүнтэйгээ золгодог. Адуугаа хэдэн арван янзаар зүсэлж чаддаг. Гар зөрүүлэн мэндчилдэг. Гэтэл монгол хүн болох би хятадад төрсөн бол харин улаан өнгөнд дуртай байх байсан. Англид бол цагаан сар хийхгүй. Японд мэндэлсэн бол хэдэн арван янзын өнгөөр цэцэгсийг зүслэх байсан. Төвдөд өссөн бол бие биеэ рүүгээ хэлээ гаргаж, эрхийгээ гозойлгон мэндлэх байлаа. Дээрх тохиолдолуудад ямар ч биологийн асуудал байхгүй. Гэхдээ энэ мэт асуудал хүний амьдралд маш чухал байх нь их. Яг л үүнтэй адил асуудлуудад нийгмийн антропологи анхаарлаа хандуулан ажилладаг гэж болно. Магадгүй хүн биологийн амьтан байх. Гэхдээ нөгөө талаар маш ихээр нийгмийн амьтан гэдгийг нийгмийн антропологи тайлбарлаж байдаг гэж болно.  

19-р зууны эхэн үе хүртэл дэлхий дахинд байгалийн шинжлэх ухааны хөгжил давамгай байлаа. Үнэхээр ч байгалийн шинжлэх ухааны нээлтүүд ар араасаа хийгдэж, тэр нь ч хүмүүний амьдралыг орвонгоор нь эргүүлж байсан гэж болно. Тэр үеэс л хүмүүс Аристотелийг сохороор дагах бус түүний сургаалуудыг туршилтаар баталж үзэх хэрэгтэй гэсэн санааг гаргаж хэрэгжүүлж байсан байна. Иймээс ч оюунлаг сэтгэлгээний хүрээнд шинэ шинэ үзэл санаа эрчимтэй гарч түгэн дэлгэрэх болжээ. Түүний нэг нь О.Контын позитивист сургаал юм. Тэрээр байгалийн шинжлэх ухааны арга загвараар хүний амьдрал, нийгмийг судлах гэж зорьж байсанаа ийнхүү нэрлэжээ. Түүний үзэл санаа Х.Спенсер, Э.Дюркхайм, К.Маркс нараар дамжин улам хөгжиж өнөөгийн нийгмийн шинжлэх ухааны суурийг тавьсан юм. Энэ үзэл санаанаас сэдэл авсан салбар ухаанууд бий болсоны нэг нь нийгмийн антропологи билээ. Түүний үүсэл нь улс орон болгонд харилцан адилгүй тавигдсан бөгөөд Америкт гэхэд 1850 иад оны Л.Х.Морганы судалгаа, түүний дараагийн Ф.Боасын сургуультай салшгүй холбоотой байдаг бол Их Британид мөн төдий үеийн Э.Тайлор, Ж.Фрейзер нарын судалгаа, 20-р зууны эхэн үеийн Б.Малиновский нарын бүтээлүүдтэй холбоотой байдаг. Францад л гэхэд Э.Дюркхайм, М.Мосс нар ихээхэн нөлөөтэй бол Орост хаант засгийн үеийн алдартай жуулчид уг ухааны суурийг тавьсан гэж болно. Харин манай улсад яг төдий үе гэж тоо хэлхэд хэцүү ч ардын хувьсгалаас хойш шинэ үеийн эрдэмтэд төрөн гарч энэ чиглэлийн судалгаа хийх болсонг хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ энэхүү асуудал дээр нэршилийн зөрөөнөөс болж одоо болтол тодорхойгүй зүйл байсаар байна. Америкт энэ ухаан үүссэн цагаасаа өнөөг хүртэл соёлын антропологи гэсэн нэртэй байгаа бол, Англид нийгмийн антропологи гэсэн нэртэй байна. Харин Франц Орост анхнаасаа л этнологи (угсаатан судлал) гэсэн нэртэй байсанаа саяханаас антропологи гэсэн нэрээр сольж байгаа аж. Манай улсад ч гэсэн Орос уламжлалаар энтнологи гэсэн нэртэй байсанаа МУИС-ын Угсаатан судлалын тэнхим нь жил гаруйн өмнөөс нийгэм-соёлын антропологи гэсэн нэртэй болсон билээ. Энэ нь цоо шинэ салбар ухааныг монголд оруулж ирээд байгаа хэрэг биш хуучны үзэл суртал, хоёр системийн зөрөөнөөс бий болсон нэршилийн ялгааг л арилгасан хэрэг юм. Түүнээс бус антропологи өөр зүйл судлаад угсаатан судлал өөр зүйл судлаад байсан зүйл үнэндээ байхгүй байсанг хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хаана ч антропологи этнологи (угсаатан судлал) гэсэн нэрүүд нь адил утгатай гэсэн санаа юм. Тийм ч учраас антропологийн ухаан Монголд шинэ салбар бус харин ч түүх ихтэй салбар ухаануудын нэг болно гэсэн үг.

Дараагийн нэг асуудал бол Монголд угсаатан судлалын ухаан нь түүхийн ухааны хавсрага маягтай хөгжиж ирсэн байдаг. Энэ ч үүднээс нийгмийн антропологийг (угсаатан судлал) зарим хүмүүс түүхийн салбар ухаан мэтээр алдаатай ойлгодог. Гэтэл дэлхий дахинд антропологийн үүсэл, одоогийн байр суурь нь түүхийн ухаантай төдий л хамаатай бус байдаг. Түүний үүсэл нь шинээр төрж байсан нийгмийн ухаан болон философиос үзэл санаагаа авсан байдаг нь ч үүний тодорхой жишээ юм. Өөрөөр хэлбэл антрополгийн ухаан нь түүхтэй гэхээсээ социологи, улс төр судлалын ухаануудтай илүү хамаарал ихтэй байдаг гэсэн үг. Дээрхийн адил буруу бодох болсон шалтгаан нь Оросын уламжлалыг дагасан угсаатан судлалын ухааныг Монголд хөгжүүлж байсантай холбоотой байх. Үнэндээ ч Орос болон Монголд угсаатан судлалын ухаан нь түүхийн хавсрага маягтай хөгжиж байсан гэж болно. Гэтэл дэлхийн жишиг тийм байсангүй.

Энэ мэт олон асуудал бидэнд байна. Магадгүй мэргэжлийн бус энгийн хүмүүс антропологи бүү хэл угсаатан судлал гэж юуг хэлдэгийг мэдэхгүй байх. Үнэндээ мэдэх ч арга хомс байх нь их. МУИС бол олон нийтийн бус мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх гэж хичээдэг газар. Нөгөө талаар шинжлэх ухаан гэдэг нийтийн хоолны ширээн дээр байдаг гурилтай шөл шиг сайн дурынханы ариун үйлс бас биш юм л даа. Чадах нь хүрч ойлгодог, чадахгүй нь барааг нь хардаг тийм л эд. Энд энгийн мэргэжлүүдыг хэлээгүй шүү. Зөвхөн шинжлэх ухааныг хэллээ.

Өөрийн мэргэжил болж байгаа антропологийг бусдад таниулах гэсэн жижигхэн амбицын маань орон зай болсон энэ блогоор зочилсон тэр зочинд зориуллаа. Илүү сайн бичиж болох байсан байх. Даанч мөчид татуу ойлголттой өчүүхэн хүний чадуу тархи үүнийг л гаргалаа. Уучлана биз. Мэддэг хүмүүс нь. Тунгалаг тамир дээр Итгэл баян Эрдэнэд малынхаа дансыг өгөхдөө “дотроо бөөрөнхийтөй дөрвөлжин нь хээлтэй гүү гэж байгаам бичиг мэддэг хүнд үзүүлхэд ичмээр дамшиг даа” гэдэг шиг миний энэ бичлэг мэддэг хүнд нь гологдох нь дамжиггүй. Гэхдээ яах вэ, хүлээж суусны оронд адгуу зангаар бичиж орхилоо.      

 

ХЭРЭГЦЭЭ ГАРВАЛ "ЧӨТГӨР"-ИЙГ Ч ШҮТЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШИГ ЭЭ

Ойрын хоёр сар юу юу хийж амжуулсанаа бодсон чинь гавьтай юм гарсангүй. Жаахан харамсаж өөрийгөө голлоо. Гэхдээ яахав дээ, өнгөрсөн зүйлийг. Өнгөрсөнг бус ирээдүйг өөрчлөх боломж хүн байдагаас хойш түүнийг л өөрчлөх гэж мэрийхээс.

Хэдэн нөхдийн хамт "Экологийн антропологийн удиртгал" гэсэн номыг монгол бичгээс крилл үсэгт буулгав. Зарим хүмүүс монгол бичгээс буулгаад байхдаа яадийн гэж шоолох юм. Шоолох амархан хийх хэцүү байлаа даа даанч. Үг үсэг, хэл аялга гээд нэлээд юм зөрөөтэй байдаг юм байна нээрээ хүмүүс ээ. Дараа ийм ажил хийхгүй гэж өөртөө амалсан, харин биелэх болов уу яах бол. Манайханд антропологи гэдгээ мэдээд байгаа хүн нэлээд цөөн юм болов уу даа. Ямар сайндаа л антропологийг түүхийн нэг салбар гэж марзагнаж байхав дээ. Үүсэл болон үзэл баримтлалаараа түүхээс ялгаа зааг маш ихтэй салбар ухааныг. Тийм болохоор экологийн гэдэгт юуг багтаадаг талаар хариу өгөхөд муу ч гэсэн энэ ном бага саг хэрэг болох байх. Нэг их сайн ном биш л дээ гэхдээ яахав. Оргүйгээс орны өмнө шомбойж бай гэдэг дээ. Д.Бум-Очир багш, П.Чулуунбат багш нар найруулж байгаа тул сайжруулчих байх дөө нээрээ.

 Дараагийн нэг ажил нь нэлээд тооны антропологичдын намтарыг орчууллаа. Энэ бас нэг ном болон гарна. Ирэх намраас л байх даа. Нэлээд дажгүй болно гэдэгт итгэж байна. Онол сэтгэлгээгээр сурах бичиг маягтай бичигдэж байгаа, гарахаар нь хүмүүс харна биз дээ. Одоогоор нууц болог.

Сүүлийн ажил маань Азийн Хөгжлийн Банкны саналаар Олон Улсын Монгол Соёлын Төв гүйцэтгэсэн нэгэн судалгааны ажил байлаа. Чойр, Сайншандаар долоон хоног яваад ирсэн. Хөгжилтэй сургамжтай сайхан судалгаа болсон. Мөнхтуул жинхэнэ антропологийн судалгаа гээл магтаад байгаа. Хэр болсонг сүүлд л мэдэх байх даа. Судалгаа хийх сайхан байсаан, мэргэжлээрээ амьсгалж, өвчин тусах, бас гар нийлсэн сайхан баг. Монголын антропологийн судалгаанд нэг хуудас нэмсэн гэж би онгирч байгаа, гэхдээ багш даруу бай гэж надад захидаг болохоор дуугай байхаас.

   Өө нээрээ нэг сонин явдалтай таарах юм даа. Та нар ч таардаг байх. Энэ хүмүүс чинь дундаа нүхтэй хад асга харагдвал эхийн умай гээл шургаал орчих юм. Эргэр сэргэр мод чулуу байвал хадаг уяаад, мөргөөд унахын. Зарим нь бас өглөө гандан өдөр нь цуглаанд яваад үдэш нь онгодыг бишрэх юм. Юу л болоод байна даа. Хэрэгцээ байвал чөтгөрийг ч шүтэх хэрэгтэй юм шиг ээ. Би лав тэгнэ. Хэрэг болвол...

НЭНСИ ШИПЭР-ХҮЙЖ (Nancy Scheper-Hughes

                                                          Антропологич Нэнси Шипэр 1944 онд Нью-Йорк хотод мэндэлжээ. Тэрээр Калифорниа Бэрклэй Их Сургууль (University of California at Berkeley)-ийн эмнэлэгийн хүн судлалын хөтөлбөрийн захирал, хүн судлалын профессор хүн ажээ. Мөн тэр биеийн хүн судлал болон өлсгөлөн, өвчин, эмнэлэгийн, сэтгэцийн, солиоролын, нийгмийн зовлон зүдгүүр, хүчирхийлэл болон геноцидийн талаарх судалгаануудаараа олон нийтийн танил болсон нэртэй хүн судлаач юм. Дээрх сэдвүүдийг сонгон судалгаа хийх болсон нь залуу цагтаа Энх Тайвны Корпусын сайн дурын ажилтан байсантай нь ч холбоотой байх болох юм. 
 Үүгээр зогсохгүй түүний бүтээл, судалгаанууд нь Италийн радикал эрдэмтэн сэтгэл судлаач Франсо Басаглиа (Franco Basaglia), Бразилийн сурган хүмүүжүүлэгч Пауло Фэирэ (Paulo Freire) болон Хойд Америкид ихэд танигдсан Бразилийн радикал экологич, эмч Жоси дэ Кастро (Josué de Castro) зэрэг хүмүүсийн ажил үйлсийг олон нийтэд түгэн тархадад ихэд тусалсан гэгддэг. 
 Тэрээр мөн эрдэмтэдийн хүчирхийлэл, ядуурал, сонгох эрх нь зөрчигдөх талаар бичсэн бүтээлүүдийг эмхэтгэх найруулах ажил хийж байна. Хээрийн шинжилгээний ажлыг Латин Америк, Өмнөд Африк, Ирланд, Зүүн Европын улсуудад хийж байсан аж. Мөн тэрээр 2007 онд Берклей Виляъам Слоан Коффингийн шагналыг (Berkeley William Sloan Coffin Jr. Award) анх удаа хүртсэн байна. Үүгээр ч зогсохгүй тэрээр Калифорнийн Их Сургуулийн Берклей коллежийн ёс зүйн хорооны удирдагч бөгөөд, иргэний эрх, энх тайвны хөдөлгөөний идэвхитэй зүтгэлтэн ажээ.


Ажил үйлс


 Түүний анхны бүтээл нь 1979 онд Гэгээнтэнүүд, Эрдэмтэд ба Шизофирини: Ирландын хөдөө нутгийн мэдрэлийн өвчин хэмээх нэртэй хэвлэгдэж байжээ. Уг бүтээлдээ бичихдээ тэрээр ганц бие фермер эрчүүдийг судлан 1980 онд Америкийн Антропологийн Холбооноос Маргерит Мийдийн шагналыг хүртэж байсан гэдэг. Энэ судалгаагаа Ирландын хөдөө нутгийн фермерүүдийн тосгонд хийжээ. Уг тосгодын хүмүүс нь эмэгтэй хүүхдийг боловсрол эзэмшүүлэхээр ихэд анхаардаг боловч эрэгтэй хүүхдээ нэг их тоохгүй байх хандлагатай, байдгаас болоод залуу эмэгтэйчүүд нь хот төв газар луу яваад өгдөг эрэгтэйчүүд нь үддэг байсан байна. Үүний улмаар ус газар жендерийн байдал алдагдаж эхнэргүй эрчүүд олон болсон тийм нутаг байж. Эцэг эх нь нас барсаны дараа эрэгтэй хүүхдүүд нь гэр бүлийнхээ фермийг залгамжилж авна, тэгээд тэндээ насан туршдаа амьдрана. Мөн эхнэргүй байх нь элбэг, баахан гоонь эрчүүд болсон байдаг, зарим нь насаараа секс хийж үзээгүй байх нь хүртэл байдаг байв. Боловсрол байхгүй, үеийн эмэгтэйчүүд байхгүй, хөдөө зэлүүд нутаг гэх мэт орчин нөхцөлөөсөө болоод тэр нутгийнхан сэтгэцийн ямар нэг өөрчлөлтэй байдаг болсон байна. Энэ бүх байдлийг тэрээр соёлын нөхцөлөөс болж тэд нар ийм сэтгэцийн өөрчлөлтэй болсон байна, харин үүнд байгалийн ч юм уу удамшсан зүйл алга хэмээн дүгнэсэн байдаг. Энэ бүтээл нь хүмүүсээс ихээхэн шүүмжлэл авсан бөгөөд ялангуяа Ирландын маш олон уншигчид түүнийг газар тариалангийн эдийн засгийн уналтыг хөдөөгийн гэр бүлийн амьдралаар үнэлэн дүрслэн бичсэн гэж гомдлож байв. 
 Тэрээр ихэвчлэн өмнөх антропологичдийн аль нэгэн бүлэг дээр хийсэн судалгааны асуудал, бичсэн угсаанты зүйнх нь ёс зүйн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байдаг гэж болно. Түүний дараагийн бүтээл болох Уйлааны гаднах үхэл: Бразилийн өдөр тутмын амьдрал дахь хүчирхийлэл бүтээл нь 1993 онд гарав. Уг бүтээлдээ Бразилийн Зүүнхойд хэсгийн Пернамбуко (Pernambuco) муж дахь сахарын талбай болон ядуусын хороолол дахь өлсгөлөн, түүнээс болох хүүхдийн үхэл, эхийн хайрыг судлан үзжээ. Мөн энэ бүтээлээрээ тэр төрөлхийн эх үрийн холбоо болон, эхийн хайрын тухайх домгийг шүүмжилсэн байдаг. Дахиал бөөн шүүмжлэл өрнөв. Бразилийн гадна дотногүй түүнийг шүүмжлэж эхлэв. Хүүхдүүддээ үзүүлж байгаа эхийн хайр халамжийг таагүй нөхцөл байдал дахь тэдний хувь заяа мэтээр дүрсэлсэн, энэ нь тэдний амьд үддэх хамгийн боломжтой сонголт байдаг, мөн нялхсын эндэгдэлийг “түргэсгэх” болон “хамтран ажиллах “ нь амьдралын амт, арга барил, хомс гэж болох байдлаар эхчүүдийг дүрсэлсэн гэж байлаа. Хэдий ийм ч уг бүтээл нь эмнэлэгийн антропологийн сонгодог бүтээл аль хэдийн болсон юм.

ОЮУТНЫ АРДЧИЛАЛД ХЭДЭН ҮГ...

ОЮУТАН БАЙХАД БИЧИЖ БАЙСАН ИЛТГЭЛ. АРДЧИЛСАН НАМААС ЗАРЛАСАН "ОЮУТНЫ АРДЧИЛАЛ" СЭДЭВТЭЙ УРАЛДААН БАЙЛАА. ТУСГАЙ БАЙРАНД ШАЛГАРААД ДААНЧ ШАГНАЛАА АВААГҮЙ Л ДЭЭ. ӨГӨӨГҮЙ Ч БИЛҮҮ. МАРТАЖ.

УДИРТГАЛ

Бид ардчилсан нийгмийг сонгоод арван долооон жил болжээ. Сонголтондоо итгэсэн бас харамссан хүмүүсийн амьдрал өрнөсөөр л. Ардчилал бидэнд эрх чөлөө өгсөн хэмээн хөөрцөглөсөөр л. Хэдий ийм ч бидний дунд “ардчилал” хэмээх хэллэгтэй ч харамсалтай нь ойлголтгүй хүмүүс байсаах бас хүмүүсийг “романтикаар хорлосоор” л явна. Ийм л хүмүүст жинхэнэ зөв ойлголтыг өгөх нь үзэг цаас уулзуулагч хүн бүрийн ариун үүрэг буй за. Энэ үүргийн хариуцлагад хөтлөгдөн хэдэн мөр эвлүүлье ээ.

Судалгааны арга

Оюутны ардчилалын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийхдээ МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийг жишээ болгон авлаа. Судалгаандаа оролцон ажиглах (Participant observation) арга зүйгээр явуулсан болно. Судалгаанд маань тус сургуулийн “Улс төр судлал”, “Түүх”, “Нийгэм-Соёлын антропологи”-ийн тэнхимийн оюутнууд хамрагдсан юм. Оролцон ажигдах арга зүйгээр судалгаа явуулхад цаг хугацаа их шаарддаг хэдий ч үнэн бодитой мэдээллийг ямар нэгэн шүүлтүүргүй цуглуулж чаддаг давуу талтай юм. Тэгээд ч энэ арга зүй нь “Хүн судлал” хэмээх нийгмийн шинжлэх ухааны нэгэн салбарын үндсэн арга барил билээ.

Чөлөөт нийгмийн үндсэн зарчмууд  

Ардчилалын тухай олон тодорхойлолтууд байдаг. Хэдий ийм ч би энд Абрахам Линколны АНУ-ын иргэний дайнын үед Геттисбург хотод хэлсэн “...Ардчилал гэдэг бол хүмүүсийн төлөө хүмүүсээс бий болсон хүмүүсийн засаг мөн...” гэсэн сонгодог тодорхойлолтыг ишлэхийг хүслээ. Энэ үгээр ардчилалыг ойлгуулж болох ч “сүүдэр”-ийг нь бас нуух гэж оролдсонгүй. Тийм болохоор дахин нэг ишлэл авъя. “...ардчилалыхан, ирлээ! Нуугдаарай! гэж хашгирав... тэд гэдэг чинь хэн бэ? Ардчиллынхан! Тэд хэн нэгнийг барьж аваад яахыгаа ардчилалын журам буюу санал хураалтаар шийддэг юм. Мөнгийг нь авах уу?, торны цаана хаях уу?, эсвэл өөрийн бүлэгт хүчээр элсүүлэх үү? гэдгийг ардчилалын журмаар шийддэг юм. Хэн ч тэднийг зогсоож чаддаггүй...” ардчилалын хамгийн болгоомжлууштай тал нь энэ юм. Өөрөөр хэлбэл олонхи цөөнхөөр дарангуйлна гэсэн үг.

Өнөөдөр ардчилал улам олон хүнд хүлээн зөвшөөрөгдөн, итгэл үнэмшил нь болж байна. Энэ нь сайн хэрэг. Гэвч эрх чөлөөнд тулгуурлаагүй ардчилсан систем байж болохгүй. Хэрэв үүнийг ойлгохыг хүсвэл та яг л “... Миний найз Рос Лэвитэгийн хэлсэнээр бид олонхийн санал болгосон хүнтэй гэр бүл болдог нийгэмд амьдрах аваас ардчилсан нийгэмд амьдарч буй хэрэг. Гэхдээ эрх чөлөөгүй нийгэмд амьдарч байна гэсэн үг...” хэмээсэнг ойлгосон байх хэрэгтэй. Эрх чөлөө, сонголтонд тулгуурлаагүй аливаа зүйл эцэстээ хүмүүсийн эсрэг болж хувирдаг. Эрх чөлөө нь чөлөөт нийгмийн бусад үнэт зүйлсийн үндэс суурь болдог учраас бүхнээс илүү үнэ цэнэтэй. Өөрөөр хэлбэл эрх чөлөө гэдэг нь “дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх”-ийн нэр биш. Яг л ийм шударга “хязгаарлалт”-тай эрх чөлөөнд суурьлан иргэний нийгэм бүрэлдэн бий болдог. Төрийн алдаатай буруу шийдвэр бүхнийг “Иргэний нийгэм” сөрөн зогсож, болохгүй шүү гэсэн “сигнал”-ыг өгч байдаг. Эрх чөлөөтэй иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэж иргэний нийгмийн төсөөлөл болон төрд дуу хоолойгоо хүргэж байгаа тэр л орчинд жинхэнээсээ чөлөөт, ардчилсан нийгмийн “сүнс” нь амьд оршидог. Үүгээрээ тэд олон нийтийг, төрийн зүгээс ирэх аюулаас хамгаалж төрийн хүчийг хазаарлан номхруулдаг билээ.

Даанч манай нийгэмд энэ бүгд нэг хөл дээрээ зогсож байна. Хэзээ нэг биш хоёр хөл дээрээ зогсох бол доо.

Оюутны ардчилал

Сургууль болон оюутны орчныг илүү нээлттэй болгоход хоёр үндсэн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
1. Сургуулийн удирдлагын зүгээс сургалтыг “чөлөөлж” байгаа эсэх
2. Оюутнууд өөрсдөө сургуулийн үйл ажиллгааг ил тод болгоход оролцож байгаа эсэх
Магадгүй нэг дэхь асуудал чухал биш байж болох ч би энд тусгайлан авч үзлээ. Учир нь сургуулийн удирдлага бүтэц, оюутнуудын төлбөрийг зарцуулдаг, үүнийхээ хариуд “хоёр дахь гэр” гэсэн хүндлэлийг шаардахаас өөр юм хийдэггүйд гол учир байгаа юм.

Хэн нэгэн нь сургуулийн удирдлага өөрийгөө нээлттэй болгож чадахгүй гэх байх. Магадгүй тийм ч биз. “...сургуулийн удирдлагын үйл ажиллгаа бидэнд хаалттай байдаг. Намар ирээд төлбөр нэмэгдсэн өөрчлөлтийг л сургуулиас олж хардаг. Деканаа нэг муу юм танина. Өрөөнд нь орж ч үзээгүй, хэрэг ч гардаггүй... сургууль төлбөр л авдаг, өөр юу ч байхгүй. Төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гээд алданги тооцдог. Хичээлийн хуваарь гаргачихдаг, багш нь ч цаанаасаа...” гэсэн жирийн оюутны яриа. (Энэ ярианий агуулга олон хүний яриагаар батлагдсан билээ.)

Сургууль нэг иймэрхүү л байдалтай. Нэлээд хэдэн хоногийн өмнө (XII сарын 6-нд) сургуулийн захирал, дэд захирал нар оюутнуудтайгаа уулзаж санал хүсэлтийг нь сонсоно гэхээр нь ихэд олзуурхан очсонсон. “... ном хүрэлцэхгүй байна, хичээл орж байгаа ангиуд хүйтэн байна... бид төлбөрөө төлсөн түүндээ дүйцсэн орчинд суралцмаар байна гэсэн” нэгэн оюутны асуултанд захирал “... би тэгээд чиний ам руу будааг чинь халбагдаж хийх болж байна уу?...” гэсэн мангардуу гэмээр асуултыг сөргүүлэн тавьсан нь санаанд өөрийн эрхгүй бууж байна.

Яг л бусдад үйлчлэх ёстой албан тушаалын үүргээ, хуучин нийгмийн бусдыг өөртөө үйлчлүүлэх гэсэн хурган даргын “цээж өвчин”-өөсөө ялгаж харахыг хүсдэггүй дарганцаруудын нийтлэг сэтгэлгээ. Арга үгүй дээ манлайлан чиглүүлэх биш захиран тушаахаа урьтал болгодог хуучин нийгмийн школтой юм чинь. Энэ л цутгамал сэтгэлгээгээрээ, гаж сонин системдээ оюутнуудын, оюуныг тааруулах гэж заримыг нь сунган, заримыг нь тайрч байх юм.  

Бид төлбөр төлөх ёстой юм шиг, тэд авах ёстой юм шиг өг! өг! гэж шаардан алданги тооцохоос өөрийг хийхгүй л сууна. Бас оюутнуудыг зугуухан хорлосоор л. Түрүүхэн “хэн нэгний” хэлсэн шиг сургуулийн удирдлага өөрийн үйл ажилгаагаа өөрөө нээлттэй болгож чадахгүй юм байна. Тэгвэл оюутнууд өөрсдөө үүнийг хийж чадаж байгаа болов уу?

Оюутнууд сайн дураараа нэгдэн эрхээ хамгаалан, дуу хойлоогоо “хэн нэгэн”-д хүргэдэг зохион байгуулалт нь “Оюутны зөвлөл” байх ёстой. МУИС-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн “Оюутны зөвлөл”-ийн бүтцийг хархад нэг ангийг, ангийн дарга нь төлөөлөн хуралд оролцдог. Уг хурлаас “Оюутны зөвлөл”-ийн дарга гишүүдийг хэдэн хүний бүрэлдэхүүнтэй сонгоно. Харин “Оюутны зөвлөл”-ийн дарга бусад сургуулийн “Оюутны зөвлөл”-ийн дарга нартай хамтран МУИС-ын “Оюутны Конгресс”-ын хуралд оролцон дээрхийн адил сонголт хийнэ. Үүнээс хархад шаталсан бас төлөөлөлийн гэмээр бүтэц зохион байгуулалтын дүрс нүдэнд бууна. Төлөөлөөд, хуралдаад, сонгоод дажгүй ардчилсан тогтолцоо. Гэвч энэ тогтолцоонд бүтэц байхаас амьд үйл ажиллагаа үгүй байна.

“...Оюутны зөвлөлийн хурал дандаа л байрны хүүхдүүдийн хурал болдог, яагаад гэхээр байрны хүүхдүүд илүү их асуудалтай байдаг... байранд орох гарах байрны засвар энээ тэрээ гээд гадуур амьдардаг оюутнууд нэг их асуудалгүй хичээлдээ суучихна, гэртээ очно... оюутны зөвлөлийн дарга ч үргэлж байрны хүүхэд байдаг. Дарга болох гэж бөөн юм болно... надад саналаа өгчих... дараа жил найдвартай байранд оруулж өгнө, чи дараа жил болчих энэ жил би болчихъё... дэд даргын суудлаа өгье надад саналаа өгчих...” гэх мэт. Ийм жижиг хуйвалдаан байнга болдог гэж болно. Оюутны зөвлөлийн хуралд жирийн оюутнууд саналын эрхгүй, бас энэ хуралд нь зүгэр сууж ч болохгүй, зөвхөн ангийн дарга санал өгөх эрхтэй.

Оюутны зөвлөлийн үйл ажиллгаанд оролцох гэсэн оюутан ангийн дарга, эсвэл байрны оюутан биш бол түүнд боломж хаалттай гэхэд хэлсдүүлсэн болохгүй “...намар байранд орох гэж бас л бөөн хуйвалдаан болно... байрны “кайма”-д малын мах, мөнгө өгнө... оюутны зөвлөлийн дарга гишүүд “өөрийн хүмүүс”-ээ бас оруулна. Танилгүй шинэ оюутан орох гэж бөөн юм болдог ш дээ... оюутнууд ч зүгээр байхын оронд танил тал, мөнгө төгрөг өгөхөө л урьтал болгодог ш дээ...”

Энэ мэтчилэн байрны оюутнууд асуудал ихтэй. Тийм болохоор оюутны зөвлөлийн гишүүнийг таньдаг, чадвал тэдний нэг болох хэрэгтэй. Ингээд л хэн нэгний багт орж “хор найруулцан” хожим зөвлөлийн гишүүн, дарга болох хуйвалдаанаа хийж эхлэнэ. Янз бүрийн амлалт өгөн, ангийн дарга нарийн саналыг худалдаж авна. Энэ ч хэцүү ажил биш. (яагаад гэвэл олон оюутнууд оюутны зөвлөл байдаг эсэхийг анхаардаггүй). Байранд амьдардаг зуугаад оюутан, улмаар дөч орчим ангийн дарга нарыг ихэнхийг нь өөртөө татчихна. Ийнгээл асуудал гүйцээ.

Оюутнууд дийлэнх нь ардчилал гэдгийг олонхийн санал гэж ойлгодог. Гэвч тэнд үг хэлэх саналаа өгөх эрх хүн бүрт олгогдох ёстойг, оюутан бүрийн оролцоо үүнд чухал байдгийг, бүх зүйл нээлттэй байх учиртайг тэд мэдэхгүй л байна. Энэ л мэдлэггүй толгойгоороо асуудалд хандан, хуучин нийгэмд сургууль төгсөөд л ажилтай болдог сайхан байжээ хэмээн эмээ өвөө хар шогширч сууна. Оюутны зөвлөлийн хэд нь ч ийм байх ёстой гэдэгт үнэн голоосоо итгэчихсэн “... бүх зүйл УИХ-ын жишигээр явагддаг...” гэж ойлгон нийгмийн шинжлэх ухааны бакалаврийн зэрэгтэй төгсөж байна.

Монголийн нийгэмд ч ийм. Ардчилсан нийгмийн бүх л бүтэц зохион байгуулалт манай улсад бий. Даанч бас л үйл ажиллагаа алга. Манай сургууль ч бас ийм. Бүх л бүтэц, шат дамжлага хэлбэр нь байна. Мөн даанч агуулга амин сүнс нь алга. Нөлөөтэй тольноос ойсон, буруу дүрс оюутны орчинд аль хэдийн тусчихаж.
Бид нийгмээрээ ардчилал гэдгийг ойлгохгүй байгаа юм шиг! Хэн нэгний ярьсан домгоор “ардчилал” ийм байдаг гэж бодсоор. Сайн сайханд удахгүй хүргэнэ гэж, хэн нэгнийг харсаар, мөрөөдөлдөө хууртсаар. Ийм л хүмүүст “чөлөөт нийгэмд хүрэхийн тулд бодож сэтгэх, хэлж ярих, ямар нэгэн үйлдэл хийх зориг хэрэгтэй” гэсэн Жонатан Гулибэлийн зарчмыг сануулмаар байна.

Оюутны ардчилалд санал

Оюутны орчинг илүү нээлттэй болгоход хэдэн санал нэмэрлье гэж бодлоо.
- Ангийн системийг устгах. Энэ нь оюутнууд хэн нэгэн багшийн харъяалал, ямар нэгэн хамт олны өмнөөс     хохирохгүй байх боломж өгнө. Сургууль ганцхан хүнийг сургах биш бас бие хүн болгон төлөвшүүлэх         ёстой учираас, оюутан бие дааж сурна. Ангийн найзын хүрээнээс, сургуулийн нөхөрлөлийн хүрээнд         шилжинэ.
- Академик хичээлээс бусад хичээл, багшийг оюутнууд өөрсдөө сонгодог болох. Ингэх нь оюутан илүү         бие даасан сонголт хийж дүн авахаа чухал болгохгүй, хариуцлагаа өөрөө үүрдэг болно.
- Сургуулийн удирдлагууд улирал тутам хийсэн ажлынхаа тайланг тавьдаг болох. Энэ нь сургуулийн           удирдлагийн үйл ажиллагааг нээлттэй болгож, оюутны санал хүсэлтийг тэдэнд уламжлах бололцоо         олгоно.
- Оюутнууд өөрсөдтэй нь холбоотой шийдвэр гаргахад шударгаар оролцох.
- Оюутны Зөвлөлийн хуралд оюутан бүр саналийн эрхтэй болох.
- Оюутны зөвлөл “Оюутан Конгресс”-оос хамааралгүй болгох. Ингэх нь Оюутны Зөвлөлийг дээш нэг шат       ахихдаа ашигладаг гишгүүр болохоос сэргийлнэ.
 
Миний бодлоор дээрх зүйлүүдийг оюутны орчинд нэвтрүүлбэл “оюутны ардчилал” нэлээд амилж ирэх байх. Ингэж чадвал оюутан дүнгийн төлөө сурахаа больж, өөрийхөө төлөө хариуцлага хүлээж, сургууль тэдэнд үйлчлэх ёстойг ойлгон, эрх ашиг нь зөрчигдхөд түүний эсрэг ухамсартай тэмцэх эрхтэй байхаа ойлгоно.

Нийгмийн бүх л хүрээнд ардчилал чөлөөт байдал байх ёстой. Түүнийг хамгаалах учиртай. Үүнгүйгээр бидний зорьсон зорилго утга учиргүй. Энгийн юм шиг хэрнээ эдгээр нь ямар үнэ цэнэтэйг оюутнууд ухаарна. Ардчилалийн үнэн зөв төрхийг хэн нэгний нүдээр биш, өөрийнхөө нүдээр харж, ямар учир утгатайг ухан ойлгож, өөрийн амьдралаа хэн нэгэн “гайхамшигтай” хүний үгээр бус өөрөө өөрийнхөө сонголтоор эрх чөлөөтэйгөөр нээх ёстойгоо тэд ойлгох биз ээ.  

Дээд монголчуудын хотжилт буюу хятаджилт

ИХ СУРГУУЛИЙН НЭГ АНГИЙН АНД Б.УДВАЛЫН БИЧЛЭГ. МАНАЙ ХЭДЭН НӨХӨД ДЭЭД МОНГОЛД ЗОРЧООД, ТҮҮНЭЭС ГАРСАН БҮТЭЭЛ БАЙГАА ЮМ. БИД ХОЁР НЭГ ЗҮГ ЯВЖ, НЭГ ГАЗАР ХЭДЭН ХОНОГ ХАМТ АМЬДРАН ХАМТ СУДАЛГАА ХИЙЖ БИЛЭЭ. УЛААН ХОТЫН ТАЛААР НЭЛЭЭД ТОО БАРИМТТАЙ ӨГҮҮЛСЭН БАЙНА БИЛЭЭ.

Дэлхийн монголчуудын тухай бидний ойлголт
Хэдхэн сарын өмнө тархан суурьшсан монголчуудын тухай энэ сэдэв маш шинэ содон соргог зүйл байлаа. Харин одоо “моодонд” орсон танил сэдэв болсон нь урьд өмнө төдийлөн яригддаггүй байсан хилийн чинад дахь монголчуудад судалгаа хийн танилцуулсан цөөн хүмүүсийн ажлын үр дүн. Монгол үндэстэн нийт хэдүүлээ вэ гэх асуултын хариуд бидний ихэнх нь улсын хүн амын тооллогын дүн болох хоёр сая 700 мянга хэмээх тоог санана. Зарим нь буриад болон өвөрмонголчуудыг нэгтгэн арай ахиу тоо хэлнэ. Энэ нь тэднийг монгол хэвээрээ гэж тооцсоных. Өнгөрсөн он жилүүд үнэндээ “Бид дэлхийн бөмбөрцөг дээр чухам хэдүүлээ хорвоогийн тоос хөдөлгөнө вэ?” гэх асуултыг өөрсөддөө тавихтай мантай өнгөрсөн биз ээ.
Харин сүүлийн үеэс монгол үндэстэн найман саяулаа гэх тоо үзэгдэх, сонстох болжээ. Гэхдээ хэн тэднийг юугаар нь монгол мөн гэж тогтоогоод тийнхүү зарлаж байгаа нь одоогоор тодорхойгүй буюу албан ёсны бус байна. Иймээс Монгол Улсын хүн ам дээр нэмэгдэн нийт найман саяд хүрч буй тэдгээр таван сая гаруй хүмүүс үнэхээр монгол мөн үү гэж эргэлзэх хүн олон бөгөөд энэхүү шүүмжлэл ч зүйн хэрэг юм. Улмаар “Тэд монгол мөн”, “Тэд монгол биш”, “Тэд монгол биш болсон” хэмээх маргаан манай нийгэмд тархжээ. БНХАУ-д аж төрж буй монголчуудыг зөвхөн Өвөрмонголын өөртөө засах мужийн монголчуудаар л төлөөлүүлэн эндүү ташаа ойлгож байгааг засах хэрэгтэй. ӨМӨЗО-оос гадна Хятад Улсын Шинжаань, Чинхай мужуудын нутаг дэвсгэрт Хор, Баоань, Дуншаан, Монгур буюу Цагаан Монгол, Дээд Монгол гэхчилэн олон монгол угсаатан амьдарч байна. Тэднийг Өвөрмонголчууд гэж ойлгож болохгүй. Тэдний засаг захиргаа, оршин суух нутаг дэвсгэр нь өөр, Хятад Улсад багтсан түүх нь ч ялгаатай улс.

Тэднийг заавал таних шаардлагатай юу?
Өвөг дээдэс минь ургийн бичгээ хичээнгүйлэн хөтөлдөг байсан нь дэмий хэрэг бишсэн. Удам угсаа, ахан дүүсээ мэдэхгүй хүн нэгэн талаар сохор мэт байх шиг санагдана. Бид хоёрхон саяулаа хэмээх итгэл үнэмшил, бид найман саяулаа хэмээх итгэл үнэмшлийн аль нь илүү хүчтэй байх вэ? Эх түүхээ танин мэдэж, үндэстний онцлогоо ухан ойлгосноор үндэсний үзэл төлөвшиж, ард түмний өөрсдийгөө ухамсарлах сэтгэлгээ хөгждөг билээ.
Монгол цусаа, монгол ёс заншлаа, монгол уламжлалаа, монгол аж ахуйгаа, монгол хэлээ авч үлдэж, монголоороо байхын төлөө тэмцэж, тэр тэмцэлдээ хөлөө, гараа өгөн, би монгол хэмээх омоглолоо дарж ядан шүлэг найраг бичиж түүнийхээ улмаас эрх чөлөөгөө хасуулан монголоороо байхын төлөө ил, далдаар тэмцэж буй тэдгээр монголчуудыг Та хэн гэх вэ? Монгол Улсын монгол хүн ирсэн сургаар хэлэх ярихыг нь сонсож, хийх хөдлөхийг нь харах гэж яаран, бүр аз байвал найз нөхөр болон гэртээ дайлж цайлахыг хүсдэг тэдгээр монголчуудыг Та юу гэх вэ? Угсаатан судлалын шинжлэх ухаанд тухайн ард түмэн өөрсдийгөө хэн гэж ухамсарлах нь тэднийг аль үндэстэнд хамаарагдах буюу ямар үндэстэн болохыг нь тогтоох гол үзүүлэлт гэж үздэг. Энд өгүүлэгдэж буй монголчууд өөрсдийгөө “БИД МОНГОЛЧУУД” хэмээн цуурайтуулан тунхаглаж байхад бид юу гэх вэ? “Тэд монгол биш” гэж жишим ч үгүй хэлчихээд тэдний тухай ахин зурвас ч бодолгүй амьдрах бидний энэ байдлыг тэд мэдвэл туйлын гомдолтой, даанч харамсалтай биш үү? Сэтгэл, цус нэгт тэдгээр төрөл садныхаа биднийг гэх халуун сэтгэлийг нь мэдэрч, бодит үнэнийг ухааран зөв итгэл үнэмшилтэй алхахыг Та эрмэлзэх үү?

Дээд монголчууд гэж хэн бэ?
Түүхийн хуудаснаа. Энэ нутаг нь 1235 онд Өгөдэй хаан өөрийн хүү Хүдэндээ Хөх нуур орчмыг хувь болгон өгсөн тухай мэдээнээс эхлэн Эвэр тайш, Бүрх тайш, Түмэдийн Алтан хаан мөн Цогт тайж нарын түүхт хүмүүстэй холбогдох ажээ.
Газар нутаг. БНХАУ-ын баруун хойд бүс нутгаар Гансу, Сичуантай хил залган орших нуурынхаа нэрээр овоглосон Хөх нуур буюу Чинхай /Qinghai/ муж гэж бий. Өгүүлэн буй Дээд монголчууд нь энэхүү Хөх нуурын орчмоор нутагладаг ажгуу.
Нэрийн учир. Дээд Монгол гэдэг тэдний нэр харьцангуй хожуу бий болсон бололтой. Дээд монголчууд Хөх нуур Түвдийн өндөрлөгт нутаглах тул газар нутгийн өндөрлөг байдлаар өөрсдийгөө овоглон дээр, дээд газрын хүмүүс гэдэг утгаар Дээд Монгол хэмээн нэрлэсэн гэсэн хувилбар бий.

Дээд монголчуудын хотжилт
Ерөнхийдөө БНХАУ-ын монголчуудад хотжилт нэлээд явагдсан, Хүн амын шилжих хөдөлгөөн нь хүн ам зүйн жирийн л үзэгдэл боловч Дээд монголчуудын хувьд хотын иргэн болно гэдэг жирийн явдал биш. Гэсэн ч эрхгүй тулгарч буй хотжилтын учир шалтгаан хийгээд хотжилт нь юунд хүргэж буй тухай одоо өгүүлье.
Миний судалгаа хийсэн газар бол Хөх нуур мужийн Улаан /Vulan/ хошуу болон хориотой хот болох Дэлхий хот юм. Хошуу хэмээх засаг захиргааны нэгжийг дүйцүүлбэл манай улсын сумтай дүйнэ. Улаан нь төв газарт шилжин суурьших хүн амын шилжих хөдөлгөөн маш эрчимтэй явагдаж байгаа нутгуудын нэг. Нийт хүн амийн тоо 37783. Эдгээрийн 4811 хүн буюу 1085 айл нь малчин өрх. Үндэстний бүрэлдэхүүний хувьд 22586 Хятад, 6538 Монгол тоогоороо толгойлж 2424 Түвд, 3478 Хотон, 1490 Цагаан Монгол, 1150 Салар, 39 Манж гээд цааш Дуншаан, Боань, Ёгор, Ли, Мио, Иүгү, Солонгос, Тужа гэх үндэстэн угсаатнуудаас бүрдэнэ.
Улаанд явагдаж буй хотжилт нь дараахь шалтгаануудтай. Хүүхдүүдийн боловсролын хэрэгцээ буюу дунд сургуулийн шалтгаан. Улаан хошууны төвд хүн ам ихээр суурьшиж эхэлсэн нь 1993 он. Тэр цагаас өмнө хошууны тосгодод (манай улсын засаг захиргааны нэгжээр багтай дүйцүүлж ойлгож болно) бага, дунд сургуулиуд гэгээрэл боловсролын үйлсээ явуулдаг байж. Энэ үед малчдын хүүхдүүд гэрээс хол явалгүй сургуульдаа сурч чаддаг байсан байна. Харин 1993 онд тэдгээр сургуулиудыг татан буулгаж хошууны төвд төвлөрүүлснээр малчдын хүүхдүүд сургуулиа даган суурьших болжээ. Учир нь хошууны төв дэх монгол үндэстний дунд сургууль нь дотуур байргүйгээс сурагчид эмээ, өвөөтэйгээ шилжин ирж айл болон амьдарч эхэлсэн. Ингээд жилээс жилд мал дээрээс нүүн ирэх суурьшигчдын тоо нэмэгдсээр хошууны төвийн хүн ам нэмэгдэж байгаа нь энгийн нүдэнд ч илт мэдэгдэхүйц болсон байна. Энэ нь Улаанбаатарын хүн ам эрчимтэй өсөж байгаатай адил боловч Монгол Улсын иргэд нийслэлдээ төвлөрлөө гээд дундад улсын монголчуудад тулгарах хятаджих аюул үгүй. Ингээд урьд нь мал дээр монгол ахуйтайгаа ойрхон байсан хүүхдүүд төв газарт шилжиж эхэлжээ.
Малын бэлчээр хүрэлцэхгүй. 1994-1996 онд малчдад бэлчээр хуваан өгөхдөө тухайн үеийнх нь ам бүлийн тоог харгалзан нэг хүнд хэдэн ми газар тооцон хувьчилсан байна (нэг метртэй тэнцэнэ). Энэ үеэс хойш төрсөн хүүхдүүд газаргүй тул малгүй, малгүй тул хотод амьдарна. Тэгээд тэр “хотын хүн”. Тухайн үед төрчихсөн байсан хүүхдүүдэд ч бэлчээр нь хүрэлцэхгүй явдал их бий. Зааглан өгсөн нутаг бэлчээрт маллах малын тоо буюу бэлчээрийн даац хязгаартай тул хүссэн зоргоороо малаа өсгөх аргагүй. Ингээд 3-5 хүүхэдтэй малчин айлын хэн нь мал дээрээ үлдэх вэ, хэн нь хотын хүн болох вэ гэдгийг сонгон шийдэж хотод амьдрах арга хайн эсвэл анхнаасаа хотод суух төлөвлөгөөтэйгөөр боловсролоо эзэмшин “хотын хүн” болно. Ийм замаар нэлээд хүмүүс төв газарт шилжин суурьшиж байна.
Өндрийн өвчин. Хөх нуур Түвдийн өндөрлөг гэгдэх далайн түвшинээс дээш гурван мянга хэдэн зуун метр өндөрт амьдрах нас дээр гарсан буурлуудад өндрийн өвчин гэх аюул тулгардаг. Улаан хошууны төв нь хөдөө малчны бэлчээр нутгаас арайхан нам газар юм. Тиймээс нас дээр гарч мал дагахад хүнд болсон хийгээд өндрийн өвчнөөс зугтсан настангууд хошууныхаа төвд суурьшина. Өндөрлөг газар хүчилтөрөгч дутагдсанаас цусны даралт ихсэх, зүрхний ачаалал нэмэгдэж үйл ажиллагаанд нь өөрчлөлт орох гэх зэрэг зүрх, судасны өвчнүүд тулгардаг байна.
Байгаль хамгааллын зорилгоор улсаас малчдыг хот, суурин газар амьдрахыг ил, далдаар дэмждэг тухай учир мэдэх хүмүүс өгүүлнэ. Голмуд хотын Тангула сумын малчдаас газрыг нь 5-10 жилийн хугацаагаар улс зээлдэн авчээ. Энэ хугацаанд улсын газар нутгийн бэлчээрийг амраагаад гэрээт хугацаа дуусмагц эздэд нь буцаан өгөх учиртай. Анх бэлчээрийг авахдаа малыг нь үнэлэн түүнтэй дүйцэхүйц төлбөрийг өгсөн бөгөөд мөн сар бүр тэдэнд мөнгө өгдөг гэнэ. Байгаль хамгаалах энэхүү бодлогын улмаас 5-10 жилийн дараахь малчин ахмадууд нас өндөрт гарч бие гүйцэхээ больсон, залуус нь малд дөргүй аль хэдийнэ хотын иргэн байх сонирхолтой эсвэл хэдийн хотын хүн болсон байх болно. Ингээд л мал маллах хүнгүй болсон тул эргээд малчин дээрээ гарах нь тун цөөн л болов уу? Энэ бол малчин ахуйгаас хотын амьдралд шилжиж буй бас нэгэн шалтгаан.
Мөн үйлдвэрлэлийн зорилготой үйл ажиллагааны улмаас малчид хотод суурьшиж буйн жишээ нь Ван (Томпу гэж нэрлэх нь ч бий) хошуу. 2005-2006 онд 11 айл Ван хошуунаас Улаан хошуунд шилжин суурьшжээ. Тэдгээр айлуудыг ийн шилжихийг шаардсан байна. Учир нь тус хошууны тэр хэсэг нутагт Чинхуа гэх өвөрмонголын компани нүүрсний хүүршүүлэх газар болгон ашиглах болсон ажээ. Ингээд л газрыг нь албан хүчээр худалдан авсан байна. Тэднийг Улаанд нэг дор орон сууцанд суулгажээ. Энэ нь улсын үйлдвэрлэл, эдийн засагтай холбоотой санамсаргүй гэмээр хотжилтын нэгэн шалтгаан болж байгаа юм.

Хотын дээд Монголчууд

Хятад Улс дахь монгол гаралтай хүүхэд залууст хоёр янзын сонголт, түүнийгээ дагаад хоёр янзын хувь заяа бий. Нэг нь монгол үндэстний сургуулиар замнах, нөгөө нь хятад сургуулийг сонгон суралцах явдал. Хотод ажиллаж амьдрах монголчуудад тулгарч буй зайлшгүй нэгэн зүйл бол хүүхдүүдээ хятад сургуульд суралцуулах хэрэгцээ юм. Их, дээд сургууль дүүргэсэн боловсон хүчин ажилтай болоход монгол үндэстний сургууль дүүргэсэн нэгэн, хятад сургууль дүүргэсэн хүн хоёрын байр суурь, боломж ялгаатай буюу хятад сургууль дүүргэсэн боловсон хүчин ажил албан тушаалтай болох илүү бололцоотой байдаг. Улаан хошуун дахь дүр зургаар монгол сургууль дүүргэсэн хүнд монгол үндэстний дунд сургуульд багшлах, соёл урлагийн клубт соёлын ажилтан болох мөн азтай цөөхөн зарим нь захиргаанд ажилд орох боломжтой. Тэдний сонголт энэ хүрээд хязгаарлагдана. Учир нь бусад байгууллагууд ихэвчлэн хятад албан газрууд байх тул тэнд хятад хэлийг төгс эзэмшсэн мэргэжилтэн авахыг эрмэлзэнэ. Улмаар хятад сургууль төгсөгчид ялагдана гэсэн үг.
Хятад сургууль сонгож, хүүхдүүдээ хятад сургуульд сургавал олон боломж нээгдэж, өндөр цалинтай, хүссэн ажил, мэргэжлээ эзэмших боломжтой болно. Ингээд монгол дунд сургууль төгссөн хүүхэд хятад их, дээд сургуульд элсэх гэтэл энэ нь бас л туйлын хүнд даваа буюу бараг л үлгэр ажээ. Монгол үндэстний дунд сургууль дүүргэсэн сурагчид мөн л хэлний бэрхшээлтэй тулгарна. Бас монгол сургуулийн сургалтын байдал ч тохирдоггүй аж. Нэгэнт байдал ийм болохоор хүүхдээ багаас нь хятад бага, дунд сургуульд сургах нь л тэднийхээ ирээдүйн амьдралын сайн сайхны төлөө хийж байгаа том сонголт, шийдэл юм.
Хятад хэл, хятадын соёлд суралцах хэрэгцээ, шаардлага, хүсэл, зорилгоо тэд ийнхүү тайлбарлаж байна. “Наад зах нь хятад хүнтэй хэрэлдэж муудалцахад ядаж адилхан харааж байх хэрэгтэй. Хятад хэл сурсан цагт доромжлол амсахгүй. Нэгэнт бид Хятад Улсад амьдарч байгаа тул хятад хэл сурахгүй бол сайн амьдарч чадахгүй. Ажилд орж чадахгүй. Ажилд орж амьдрахын тулд бидхятад хэл сурах хэрэгтэй. Ядахдаа доромжлол амсахгүй” хэмээсэн нь аргагүй үнэн билээ.

Хятад сургуулиар боловсорсон хүүхэд хэн болох вэ?
Энэ асуултын хариуг Дэлхий хотын хүүхэд, залуусын байдлаар хариулъя. Дэлхий хот бол хөдөөнөөс хотод шилжин суурьших хөдөлгөөн бүрэн явагдаж бараг дууссан гэж хэлж болох газар. Улсаас хот орчмын нутаг бэлчээрийг амраах зорилгоор малчдаас бэлчээр, малыг нь худалдан авч иргэдийг хотод суурьшуулсан байна.
Наранхуар бол 23 настай бүжигчин бүсгүй. Уулзаж танилцаад хэдхэн цаг болсон харь улсын эмэгтэйг (холдуулж бодвол харь улс ч тэдний сэтгэлд Монгол Улсын монгол хүн) гэр гэртээ хонуулах гэж хоорондоо булаацалдан муудалцаж эцэст нь нэг нь гомдсондоо юмуу түрүүлээд гүйж одсон. Наранхуар бүсгүйнд очих болсонд тэрбээр их л баяртай элдэв юм ярилцах гэж хичээнэ. Гэвч бид хоёр ойлголцож чадахгүй байсан нь сэтгэл өвдмөөр байлаа. Тэрбээр хэзээний хуучин найзууд шиг дотночилж түүний оронд хамт унтахаар хэвтсэн ч хэн хэний нь нойр хүрсэнгүй монгол, англи, хятад үг холин ярилцах гэж хичээсээр. Урьд нь хамт явсан залуугаар орчуулуулж байсан ч одоо түүнийг байхгүйд өөрсдөө ойлголцохоос өөр аргагүй. Нэг хоёр үг зөөсөөр, дохио зангаа хэрэглэсээр намайг ихэд баярлуулсан явдал болж үүр цайх үест тэр монголоор овоо зэгсэн ярих болж нэг мэдсэн бид хоёр их зүйлийг ярилцсан байлаа.

Хотжилт буюу хятаджилт
Хөдөөгөөс хот төв газарт шилжих, хотоос хотын зах, хөдөө рүү шилжих нь хүн амын шилжих хөдөлгөөн, нийгмийн хөгжлийн жам ёсны үзэгдэл. Гэвч Хятад дахь монголчуудын хотжилт нь жир бус явдал болж хятаджилтад хүргэж буй нь гашуудалтай. Малын бэлчээрийн даац хүрэлцэхгүй, өндөрлөг уулсын нутагт аж төрөх тэдэнд өндрийн өвчний аюул тулгарна, үр хүүхдээ хүний зэрэгтэй амьдралд хүргэх гэсэн хүсэл, улсын удирдлагаас малчдын хүсэлтийг үл харгалзан бэлчээр, газрыг нь авч байгаа зэрэг явдлууд нь тэднийг зайлшгүй хотжилтод хүргэж буй юм. Улмаар хотын иргэн хотод сайн сайхан амьдрахын тулд яалт ч үгүй хятад үндэстэний замаар замнахыг сонгоно. Хятад үндэстний зам хэмээсэн нь цэцэрлэгээс эхлэн хятад сургуулиар хүмүүжиж улмаар хятадын их дээд сургуульд суралцах, төгсөөд ч хятад албан газар ажиллах буюу хятад хотод хятад хүмүүстэй ижил амьдрахыг нэрлэж буй. Үүний улмаас монгол хэл, соёл, уламжлал алдагдана. Энэ бол Хятад Улс дахь монголчуудын хотжилт. Тэд бидний идэж байгааг идэж, өмсөж буйг өмсөж, үзэж буйг үзэх буюу хүний зэрэгтээ амьдрахыг л эрмэлзэж, харамсалтай нь хүн заяатны хүсэл нь эх хэлээ мартагнахад хүргэж буй ард түмэн. Тэдэнд Монголоо гэх эрмэлзэл, хүсэл сэтгэл, “БИ МОНГОЛ ХҮН” гэх ухамсар нь байгаа цагт тэднийг “монгол биш” гэх эрх хэнд ч үгүй.
Тэрбумаар тоологдох их үндэстний дунд цөөн тоот үндэстэн болон амьдрахдаа угсаа гарлаа хадгалан, Монголоороо оршихын төлөө байгаа бүх боломжоороо тэмцдэг, зарим нь амьдралаараа дэнчин тавьж, тэр их гүрэнд яах ч аргагүй байдалд өөрийн эрхгүй орж байгаа цус нэгт ахан дүүсээ ойлгож үзээсэй хэмээн хүсмээр байна. “Тэдний оронд би байсан бол?” гэж бодож үзээд, муучлан дуугарахаа хойш тавиасай, Монгол Улсын монголчууд.

Б.Удвал /Монголын Угсаатны Холбоо ТББ/ udvalba@yahoo.com

ХӨӨРХИЙДӨӨ

...Овоо гар шүү мэдээлэл сайтай. Янз бүрийн бүрийн юм уншиж явдаг. хэмээн бодож, үзэл бодол нийлдэг хуучны танилтайгаа саяхан таарав. Дэвэн дэлхийн юм хамж шимэн нэлээд хов ярилаа. Улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө санаа зовж явдаг залуучууд байна дуу нь холдоогүй байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн талаар буу халдаг юм байна. Танил маань Н.Энхбаярыг дэмжсэн аж. Харин би Ц.Элбэгдоржийг дэмжсэн байдаг. Түүний сонголтыг би яагаад гэж хэрэг дурласан чинь түүний бодолоор Элбэгээ их муу хүн ажээ. За тэр хувь хүний сонголт үзэл бодол нь яамай, хамгийн гол нь танил маань Энхбаярын 1,5 сая төгрөгийг өгнө гэсэнд нь итгэж сонголтоо хийсэн болж таардаг юм даа. Хөөрхий гэж... бидний бодолоор боловсролтой МУИС-ын мастер цолтой дажгүй мэдээлэлтэй, ганган аналитик толгойтой танил маань даанч үүн дээр хүүхдийн гэнэн зан гаргалаа даа. 

Бүгдээрээ жаахан тоо бодож үзье. Доорх зурагнуудыг www.caak.mn ээс авсан юм шүү. Гэхдээ долларын тухай юм. Харин монгол мөнгөөр өөрсдөө бодож үзээрэй таминь. 

   НЭГ ЗУУН ДОЛЛАР

ХАРИН ЭНЭ БОЛ 10 000 ДОЛЛАР                           

ЭНЭ БОЛ НЭГ САЯ ДОЛЛАР

ЗУУН САЯ ДОЛЛАР

НЭГ МИЛЛИАРД ДОЛЛАР

НЭГ ТРИЛЛИОН ДОЛЛАР

                                     

Манай улсын жилийн төсөв бараг 6-р зураг дээр байх шиг байна. Монгол улсын 2 сая 700 мянган иргэн бүрт 1,5 сая төгрөг өгнө гэсэн. бодож үзий. 405 000 000 000 юм байна хэд гэж хэлдэг юм бүү мэд. Мэддэг нь хэлээрэй өө, нээрээ бас миний тооны машин буруу бодсон байж болно шүү. 405 триллион төгрөг юм уу даа. Долларт шилжүүлбэл сүүлийн зурагний тал нь болно гэсэн үг. Хэдэн тонн цаас вэ та минь аан, хэдэн воган цаас вэ аан. Мөнгөөр нь бодоод хамгийн том дэвсгэрт болох хорин мянгатаар багцалъя. 202 500 боодол болох юм байна аа алдын байна дөө. Харин энэ нь 20 250 000 ширхэг 20 000-ын дэвсгэрт болно. Түүнийг нэг нэгээр нь уртааш нь өрвөл (нэг дэвсгэрт нь 15см урттай гэвэл), 303 750 000 см буюу 3 037 500 метр эсвэл 3037,5 км болох нээ ха ха ха. 3000 км гэдэг нь Дорнодоос Баян-Өлгий хүрээд цаашаа Касакстаны нутаг руу орно гэсэн үг. Хэрвээ зуун төгрөгөөр багцалбал хамгийн сүүлийн зурагийг 405-аар үржүүлнэ гэсэн үг. Энэ оны жилийн төсөвөөр бодож үзвэл манай улсын бараг 200 жилийн төсөв юм байнаа гэж. Ингээд цааш нь бодож чадахгүй юм байна. Миний толгой тооны машин хоёрын хэмжээ хүрэхгүй байна өө. Хүмүүсээ цааш нь бодож үзээрэй.

Өө нээрээ сонгуулийн янз бүрийн амлалтуудад ийм маягаар анализ хийж үзмээр юм байна. Сонин бас хууртахгүй, мөн сонирхолтой ажил байлаа.

 

 

ЭДВАРД ЭВАН ЭВАНС ПРИТЧАРД (Edward Evan Evans-Pritchard)

                                                               Их Британийн хүн судлаач Э.Э. Эванс-Притчард нь 1902 онд Суссекс (Sussex)-т төржээ. Анх тэрээр Оксфордын Экстер коллежи (Exeter College, Oxford)-д түүх судалж байгаад, Р.Р. Маретт (R. R. Marett)-ийн нөлөөгөөр Лондонгийн эдийн засгийн сургууль (London School of Economics)-ийн аспирантурт суралцах болсон байна. Тэнд байх үедээ Б.Малиновскийн удирдлаган дор байсан нь түүнд маш их нөлөө үзүүлсэн гэдэг. Ялангуяа Суданы угсаатны зүйн судалгааг анхлан хийгч Чарлес Габриел Селигман түүний үзэл бодол, судалгаанб ажилд гүнзгий нөлөө үзүүлсэн аж. 
 Түүний анхны хээрийн судалгаа нь 1926 оны Нил мөрний дээд урсгал дагуух Азанде (Azande) нарын дундах ажил байв. Уг судалгааныхаа үр дүнд тэрээр 1927 онд докторын зэрэгээ хамгаалсан юм. Түүний алдартай бүтээлүүдийнх нэг нь мэдээж “Азанде нарын дундах бөө, шидтэн ба дом шившлэг” (Witchcraft, Oracles and Magic Among the Azande) юм. Эванс Притчард Лондонгийн эдийн засгийн Их Сургуульд лекц уншихын зэрэгцээ 1930 он хүртэл Азанде (Azande)-гийн судалгаагаа үргэлжлүүлсэн байна. 
Түүний дараагийн шинэ судалгаа нь Нүер (Nuer)-чүүд байсан юм. Уг судалгаагаа хийхийн зэрэгцээ Ч.Селигманы нөлөөгөөр 1932 оноос Кайрын Их Сургуульд шашны цуврал лекцүүд унших болжээ. Дараагаар нь Оксфордод эргэн ирж Нүер (Nuer)-чүүдийн талаарх судалгаагаа үргэлжлүүлсэн байна. Энд байх үедээ Мейер Фортес, Радклифф-Броун нартай танилцсан гэдэг. Магадгүй ийм ч учраас тэрээр Радклифф-Броуны структуралист функционализмийг цааш нь улам хөгжүүлсэн байх. Энэ ч үүднээсээ Нүер (Nuer)-чүүдийн тухай “Нүер”, “Нүерчүүдийн шашин”, Нүерчүүдийн ураг төрөл ба гэрлэлт”, “Нүерчүүдийн дунд” хэмээсэн гурамсан бүтээлээ туурвисан байдаг. 
Дээр өгүүлсэн бүтээл нь түүний “Африкийн улс төрийн систем” хэмээх номтой нь хамт Их Британий нийгмийн хүн судлалын сонгодог бүтээлүүд хэмээн үнэлэгдсээр байна. 
 Энэ бүхнээс гадна Эванс-Притчард Эфиоп, Ливи, Судан, Сири улсуудад ажиллаж байсан юм. Ануак (Anuak)-ийн түр цэргүүдийн дунд байж, партизаны дайнд Италчуудын эсрэг тулалдаж байв. 
 Харин 1942 онд Хойд Африкийн Куренасиа (Cyrenaica)-ийн Британийн цэргийн удирдах газар алба хашиж байсан гэдэг. Энд байсан туршлага дээрээ тулгуурлан .......(The Sanusi of Cyrenaica) хэмээх бүтээлээ бичжээ. 
 Энэ бүхний дараа Эванс-Притчард Кембрижид богино хугацаанд байж байгаад Оксфордын Их Сургуулийн All Souls коллежид нийгмийн хүн судлалын профессор болсон юм. Үлдсэн амьдарлаа ч тэнд өнгөрүүлжээ. 
 Эванс-Притчард 1971 онд сер хэргэм хүртсэн бөгөөд, удалгүй 1973 онд Оксфордод нас эцэслэжээ.


АЖИЛ ҮЙЛС


 Эванс-Притчард 1950-иад оноос олонд танигдаж нэлээд нэр хүнтдэй болсон гэж болно. Харамсалтай нь тэр үед ч хүмүүс хүн судлалыг байгалийн шинжлэх ухаан гэж боддог байв. Харин тэрээр энэ алдаатай бодол ухамсарт хариу өгсөн, энэ байдлыг зөв замд нь оруулсан, хүн судлалыг нийгмийн ухааны нэг салбар хэмээн бусдад ойлгуулахад их зүйл хийсэн хүмүүсийн нэг билээ. Мөх тэрээр хүн судлаачдыг өөр өөр ялгаатай соёлуудыг тэр соёлынхон шиг ойлгох, тэр бодол санаагаа “орчуулах” хэрэгтэй хэмээн үзэж байв. Өөрөөр хэлбэл хүн судлаачид судлан буй соёлынхоо талаар ойлгосоноо орчуулах улмаар тайлбарлах учиртай гэсэн үг юм.


ГОЛ БҮТЭЭЛҮҮД


1. “Азанде нарын дундах бөө, шидтэн ба дом шившлэг” 1937 Witchcraft, Oracles and Magic Among the Azande. Oxford University Press. 1976 abridged edition: ISBN 0-19-874029-8
2. “Нүер” 1940a The Nuer: A Description of the Modes of Livelihood and Political Institutions of a Nilotic People. Oxford: Clarendon Press.
3. “Өмнөд Суданы Нүер” 1940b "The Nuer of the Southern Sudan". in African Political Systems. M. Fortes and E.E. Evans-Prtitchard, eds., London: Oxford University Press., p. 272-296.
4. “Нүер дэх ураг төрөл ба гэрлэлт” 1951a Kinship and Marriage Among the Nuer. Oxford: Clarendon Press.
5. “Нүер дэх ураг төрөл ба орон нутгийн бичил нийгэм” 1951b "Kinship and Local Community among the Nuer". in African Systems of Kinship and Marriage. A.R. Radcliffe-Brown and D.Forde, eds., London: Oxford University Press. p. 360-391.
6. “Нүерийн шашин” 1956 Nuer Religion. Oxford: Clarendon Press.
7. 1962 Social Anthropology and Other Essays. New York: The Free Press. BBC Third Programme Lectures, 1950.
8. “Эртний шашины онолууд” 1965 Theories of Primitive Religion. Oxford University Press. ISBN 0-19-823131-8

       

ЭДВАРД БАРНЕТ ТАЙЛОР (Edward Burnett Tylor)

                                                   Э.Б.Тайлор нь 1983 онд Лондонгийн Кэмбирвилд гуульны үйлдвэрийн эзэн Жозеф Тайлор, Хайрриет Скиппэр нарын хүү болон мэндэлжээ. Тэрээр Тоттенхэмын Грөве Хаус (Grove House School) дунд сургуульд боловсрол эзэмшсэн аж. Хэдий ийм ч түүнийг насанд хүрэхээс нь өмнө эцэг эх хоёр нь нас барснаар түүний амьдрал нэлээд асуудалтай болж иржээ. Тийм ч учраас тэрээр ерөөсөө их сургуулийн зэрэг хамгаалаагүй ажээ. Эцэг эхийнгээ нас барсаны дараа гэр бүлийнхээ бизнесийг үргэлжлүүлэн хийхээр шийдсэн боловч тэрээр сүрьеэгийр өвчилжээ. Эмч нар түүний биед халуун орны чийглэг тохиромжтой уур амьсгал хэрэгтэй хэмээн зөвлөсөнөөр Тайлор 1855 онд Английг орхин Төв Амеркруу аялсан гэдэг. Уг аялалынхаа үеэр угсаатан судлаач, археологич Хэнри Кристи (Henry Christy)-тэй танилцсан бөгөөд энэ уулзалт нь Тайлорт антропологийг сонирхох сонирхол төрүүлж, түүхийн өмнөх үеийг судлах судалгаанд нь урам өгчээ. Тайлор бол соёлын хувьслалын онолын гол төлөөлөгчдийн нэг юм. Энэ нь Чарльз Дарвины хувьсалын онолд тулгуурлан хүн судлалын ухааныг тайлбарлах гэж оролдож буй оролдлого байдаг. Ийм ч учраас тэрээр шашин болон нийгмийн хөгжлийн нэг түгээмэл хууль, суурь бүтэц байдаг хэмээн итгэж байсан аж. Үүгээрээ ч тэрээр XIX зууны дунд үед бий болж байсан соёлын хүн судлалын ухааны дэг хэлбэрийг бий болгож чадсан юм.


АЖИЛ МЭРГЭЖИЛ


Тайлорын анхы хэвлүүлсэн бүтээл нь Кристигийн хамт Мексикээр аялсан аялалынх нь үр дүн бол 1856 онд гарчээ. Үүний дараа тэрээр хүмүүсийн практик сүсэг бишрэлтэй тулгарсан тухайгаа тэмдэглэсэн “Анахуас: Буюу Мексик болон Мексикчүүд, Эрт үе болон Орчин үе” бүтээл (Anahuac: Or Mexico and the Mexicans, Ancient and Modern)-ээ Англид хэвлүүлэх зөвшөөрөл олж эгэн ирэхдээ буюу 1861 онд хэвлүүлжээ. Энэ аялалаасаа хойш тэрээр дахин аялаагүй бөгөөд овог аймгууд, коммунитигийн итгэл үнэмшил, ёс заншилыг судлах судалгаагаа үргэлжлүүлэн хоёр дахь бүтээл болох (археологийн олдворууд дээр суурьласан) “Соёл иргэншилын хөгжил ба хүн төрөлхтний эртний түүхийн гүнлүү хийсэн судалгаанууд” (Researches into the Early History of Mankind and the Development of Civilization) бүтээлээ 1865 онд хэвлүүлсэн байна. Энэ бүтээл нь түүний дараагийн “Эртний соёл” (Primitive Culture) хэмээн алдартай номонд нь маш чухал нөлөө үзүүлсэн гэгддэг. Дэлхий I дайн эхэлсэн ч гэсэн тэрээр бичиж туурьвах ажилаа үргэлжлүүлсээр байсан юм. Түүний “Эртний соёл” (Primitive Culture) бүтээл нь хүн төрөлхтний соёл иргэншилийг судалж үзсэнээрээ шинэхэн бий үүсэж байсан хүн судлалд томоохон хувь нэмэр оруулсан төдийгүй Ж.Фрейзер мэтийн залуу эрдэмтэдийн гарын ном болж, хожмын хүн судлалын судалгаанд шинжлэх ухаанч нөлөө үзүүлжээ. Тэрээр 1871 онд эзэн хааны нийгэмлэгийн гишүүнээр сонгогдсон бөгөөд 1875 онд Оксфордын Их Сургуульд иргэний хуулийн хүндэт докторын зэргээр шагнуулжээ. 1883 онд Оксфордын Их Сургуульд музейн хадгалагч болсоноос гадна 1895 он хүртэл анхны хүн судлалын лекцийг уншиж байв. Улмаар 1896 онд Оксфордын Их Сургуулийн анхны хүн судлалын профессор болсоноор барахгүй 1912 онд хөлөг баатарын хэргэм хүртсэн байна.

(Нийт: 56)