НИЙГЭМ-СОЁЛЫН АНТРОПОЛОГИ ДАХЬ community ХЭМЭЭХ ОЙЛГОЛТ

УДИРТГАЛ


Коммунити хэмээх ойлголт нь антропологи төдийгүй нийгмийн шинжлэх ухаанд өргөн хэрэглэгддэг ойлголт юм. Хэдий ийм өргөн хүрээгээр хэрэглэгддэг боловч уг ойлголтыг нарийн тодорхойлоход нэлээд бэрхшээлтэй байдаг. Судлаач Роберт Редфилд (Robert Redfield)-ийн гол түлхүүр дөрвөн шинжээр нь коммунитиг тодорхойлсон оролдлого нэлээд алдартай байдаг гэж болно. Түүнийхээр бол коммунити нь:
1. Нийгмээс хэмжээний хувьд жижиг
2. Гишүүдийнх нь үйлдэл сэтгэлгээ адил байдаг
3. Өөрсдийгөө бусад нийтлэгүүдээс өөр өвөрмөц гэдгийг мэддэг
4. Тодорхой хугацааны турш өөрсдийнхөө хэрэгцээгээ хангаж чаддаг (Redfield 1960: 4 [1949]). 
Гэтэл 1955 онд Хиллери (Hillery) тухайн үед нийгмийн шинжлэх ухаануудад байсан коммунитиг тодорхойлсон 94-н ойлголтыг нэгтгэн ердөө л “all dealt with people” буюу махчилбал “бүгдээрээ л хүмүүстэй харилцдаг” гэсэн санааг хэлжээ. Уг санааг нь дэлгэрүүлж үзвэл дээрх бүх тодорхойлолтуудад бүгдэд нь хүмүүсийн хоорондын харилцааг чухалчлан авч үзсэн байгааг илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл түүнийхээр бол коммунити гэдэг нь хүмүүсийн хоорондын харилцаан дээр тогтож байгаа зүйл болсон байна (1955: 117).
Энэ мэт асуудлуудаас гадна коммунитигийн судалгаанд олон шинэ ойлголтууд бий болж байна. Жишээлбэл “орон нутгийн коммунити”, “Баруун Индианы коммунити”, “үндэстнүүдийн эсвэл сүнснүүдийн коммунити” зэргийг нэрлэж болно. 
Хэдийгээр энэ мэт коммунити гэж яг юуг хэлэх талаар бүдэг бадаг ойлголттой болж болох боловч түүнийг нэг мөсөн тодорхойлох эргэлзээгүй болгох асуудал төвөгтэй хэвээр байна. Үүнд ч антропологийн онолын хандлага үзэл баримтлалууд нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй юм.


УЛАМЖЛАЛТ АНТРОПОЛОГИ ДАХЬ ХАНДЛАГА


Уламжлалт антропологит коммунитиг тодорхойлж байгаа гурван шинж байдаг. Эдгээр нь:
1. Хүмүүсийн хоорондын ашиг сонирхолын нэгдэл
2. Экологи болон газар нутгийн нэгдэл
3. Нийгмийн тогтолцоо эсвэл бүтэц байгууламжийн нэгдэл зэрэг юм. 
Мөн нэлээд товч байдлаар Франкенберг (Frankenberg) 1960онд “community-ийн гишүүдийн ямар нэгэн зүйл (эдийн засаг, шашин өөр юу ч юм)-д хүрэх гэсэн сонирхолын нэгдэл байдаг” гэсэн байна. Өөрөөр хэлбэл нүүр тулсан, хүмүүс нь бие биенээ танидаг жижиг нийтлэгт хүмүүсийн хүсэл сонирхол, хүрэх гэсэн оргил нь адил талдаа байдаг гэсэн үг. 
Минар, Греер (Minar and Greer) нар коммунитиг тодорхойлохдоо “Газарзүйн болон ажиллах, амьдрах байдлын нэгдэл болдог. Тэр нөхцөлд нь үйл ажиллагааний нэгдэл, түүнийг зохион байгуулсан байгуулалт, нийтэд тулгарсан асуудалыг шийдэх, нийтийн өмчийг үйлдвэрлэх, нийтийн үүрэг, нийтийн ижилсэл, түүндээ үнэнч байх шинж ажиглагддаг” гэж 1969 онд бичсэн байна. Ийм учраас коммунити нь гишүүдийн зан байдал адил болон хамт ажилладаг, хүрээлэн буй орчноосоо болоод санаа бодол нь нэгдмэл, байдаг гэсэн үг болж байгаа юм. 
Тэгвэл Варнер (Warner) 1941 онд “коммунитигийн нийгмийн чухал үүрэг нь хувь хүний хамаарагдах нийтлэгийг бусад нийтлэгүүдээс зааглаж байгаа, нийгмийн бүтэц үүрэг нь онцгой организм байдаг. Энэ нь эргээд гишүүддээ биднийх гэсэн өмчлөлийг бий болгон мэдрүүлж байдаг аж. Мөн коммунитигийг үүргүүд нь нарийвчлан авч үзвэл гэр бүлийн, насны, бүлгийн, байр суурьны гэх мэтээр олон хуваагдаж болно” гэжээ. 
Мөн энэ хандлагад коммунитиг тодорхойлох гэж хийсэн судалгаанууд нь нэг тосгон, нэг аймаг, эсвэл аралын хэмжээнд хийсэн байдгийг хэлэх хэрэгтэй болов уу. 
Энгийн үгээр бол уламжлалт антропологит коммунити гэдэг ойлголтыг нийгэмд байгаа нэгэн бүтэц зохион байгуулалт, байгууламж гэж үзэж байгаа нь дээрх тодорхойлолтуудаас илэрхий байгаа байх.


СИМБОЛИК ХАНДЛАГА


Өмнөх хандлагын судлаачид коммунитиг судлахдаа түүний үндсэн бүтэц нэгдэлийн мөн чанарт анхаарч байсанг хэлсэн билээ. Энэ нь экологийн болон нийгмийн бүтэцийг ажиглана гэсэн үг юм. Коммунитиг авч үзэж байгаа функционалист болон структуралист гэх мэт олон үзэл хандлага бий ч антропологичид структуралист бус симболик хандлагаар түүнийг судлахыг хичээж байна. Энэ хандлага нь нийгмийн амьдралын онцлог үзэгдэл коммунитигийн мөн чанарыг төдийгүй түүний гишүүд, гол шинж, үзэл бодол, соёлын утга бусад харилцаа холбоонуудын утга учрыг мэдэхийг оролддог. Энэ харилцаа холбоог ажиглаж байж л мэднэ үү гэхээс лабораторид батлах аргагүй юм. Мэдээж харилцан үүрэгжилт сонирхол хоёрын хооронд харилцаа нь байнга үргэлжлэх төдийгүй дэд бүлгүүд болон институтууд нийгмийн хэмжээ болон цогц байдлын өсөлт бусдаас том нийгмийн дүр зурагийн бичил хэлбэр болдог.
Ф.Барф (F.Barth) “Нийгмийн бүлгүүд ижилсэлээ тодорхойлох, бусад бүлгүүдээс өөрсдийгөө өөр ялгаатай гэж хил хязгаар босгож байгаа сайтар боловсруулсан хүсэл” гэж 1969 онд тодорхойлжээ. 
Энэ үеэс л антропологичид өөрсдийнхөө судалгаа болон судлагдахуун хоёрынхоо хооронд байгаа ихээхэн ялгааг хүлээн зөвшөөрч эхэлсэн гэж болно. Жишээлбэл К.Геерцийн тосгон дахь судалгааг (аралууд, хотууд, үйлдвэрүүд) үзэж болно. 
Энтони Кохен (Antony Cohen) “коммунити нь бэлэгдэлийн бүтэц байдаг. Нийгмийн бүлгүүд бусдаас хил заагаа ялгаж байгаа ухамсараа ойлгосон эрс тэрс ялгаа” гэж 1985 онд бичсэн байна. Ингэж үзвэл community гэдэг нь нийгмийн бүтэц тогтолцоо, институт биш харин гишүүдийнх нь оюун бодол дахь утга учирын ертөнц болж байна. 
Гишүүдийнх нь хоорондын харилцаа зүгээр л нэг механик харилцаа бус харин ч “утга учирыг тээсэн зөөсөн” хэсгүүдтэй байдаг. Энэ нь тухайн коммунитигийн доторх онцгой нийгмийн харилцаа юм (1985: 98). Товчоор бол гишүүдийн нэгдэж бүрэлдэж байгаа нь өвөрмөц зан байдалаасаа бус, харин зан байдлын нэгдэлийн талаар тунгаан бодсон бодолоос нь бий болж байдаг. Энэ нь бэлэгдэлүүдийг биеийн нэгдэлтэй холбон өгч эрхэмлэдэг зүйлсээ болон үгийн сангаа хуваалцахад хүргэдэг. 
Цаашлаад энэ нь гишүүдийн нэгдэх үйл явц, тэдний хилийн гаднах хүмүүс нь хэрхэн ойлгож байгаа бэлэгдэлийн харилцааны ойлгомжгүй байдал болдог. Энэ нь сэтгэлийнхээ гүнээс индивид байдалаа эрхэмлэхийн янз янзийн байдлыг батлах болон тайлан тайлбарлах өөр төрлийн тодорхой тайлбар юм.


ХУВЬСАЛЫН ОНОЛЫН ХАНДЛАГА


Коммунитиг тодорхойлох гэсэн оролдлогуудын нэгэнд хувьсалын онолчид зүй ёсоор орно. Уг хандлагын төлөөлөгчид нь мэдээж Э.Дюрхгейм, К.Маркс, Ф.Теннис нар юм. Эдгээр онолчид хувьсалын онолын үүднээс коммунитиг тайлбарлахдаа түүнийг нийгмийн хуввьсал өөрчлөлтийн нэгэн үе шат мэтээр үзэж, цаг хугацааны явцад улам хөгжин төгөлдөржиж байх талаар бичиж байжээ. 
1887 онд Германы социологич Ф.Теннис (F.Tonnies) community-г Герман хэл рүү “Gemeinschaft” гэж буулгасан бол нийгэм гэдгийг “Gesellschaft” гэж орчуулжээ. Улмаар community-г тодорхойлохдоо “ёс суртахууны харилцаатай, уян хатан, өөрийн байршилтай, хамааруулж үзэж болмоор, дэг журамтай, хэвшсэн, байнгын, өв уламжлал, хэл цус газар нутаг гэх мэт дотоод холбоон дээр суурилсан, гэрээтэй, өөрийгөө төвлөсөн, бодитой” гэсэн байна.


COMMUNITY-ИЙН ӨНӨӨГИЙН ХЭРЭГЛЭЭ  


Community-г тодорхойлох гэж оролдсон бодит болон санаалаг үзэл бодлууд байсаар байна. Гэвч энэ бүх санаа онолуудаас түүнийг тодорхойлсон санаалаг юм уу эсвэл илүү хийсвэр гэж болом хандлага нэлээд хүчтэй гарч ирж байна. Энэ бол бэлэгдэлийн антропологоос уламжлалтай үзэл санааны хөжил юм. Үүний тодорхой жишээ болсон судлаач Б.Андерсон (B.Anderson) 1983 онд коммунитиг тодорхойлохдоо “байршилтай, угсаатны ухамсар, шашин, ажил мэргэжил, амралт зугаа, онцлог сонирхолоороо адил хүмүүс, түүнд нь тэдний гэсэн мөн чанарлаг шинж, хүмүүсээ барьж байдаг үзэл санаа, түүнийхээ гишүүн буюу өмч гэсэнг нь баталдаг, бүлгийг эсэргүүцсэн үзэл санаанд маш ширүүн догшин ханддаг” хэмээн бичжээ. Бүгдээрээ эргээд коммунитиг тодорхойлох гэж оролдож байсан үзэл хандлагууд руу харцгаая. Уламжлалт антропологи болон, хувьсалын хандлагад коммунитиг нийгмийн бүтэц, зохион байгуулалт, нэг дэг жаяг мэтээр сэтгэж сурталчилж байсан бол бэлэгдэлийн антропологи түүний салаа хөгжлийн шинжтэй үзэл санаануудад харин ч илүү оюун санаа бодолын бүтээл, санаандаа хйсвэрлэж бий болгон нийгэм дээр дагаж мөрдөж байгаа нэгэн хийсвэр зохион байгуулалт гэсэн санааг тусгасан байгаа. Энгийн үгээр бол коммунитиг үзэх антропологийн үзэл хандлага өнөө үед илүү санаалаг хийсвэр шинжтэй тодорхойлолтонд түшиглэж байна гэсэн үг. 
Энэ бүхний эцэст Роберт Редфилд (Robert Redfield)-ийн бүтээлээс дахин ишлэл авхад:  
              “тодорхой хүмүүс community-ийн “байшин”-гаа босгож байгаа тэр оюун санааны багаж                             байгууламж бидний анхааралыг татаж байна. Ямар нэгэн зүйлийг судлах нь хэцүү байхаас гадна               хэтэрхий цогц ойлголт байдгийг бид мэднэ. Гэвч хүн төрөлхтний дотоод, хувийн шинжтэй зүйл               болох community-г бүрэн дүүрэн судлах эрэлт хэрэгцээ маш их байна” (1960: 59).
хэмээн өгүүлж байна. Дээрх санаа нь коммунитигийн судалгаанд эцэсийн хариулт биш нь ойлгомжтой. Тэгээд ч уг ойлголтыг маань судалсан өч төчнөөн судлаачид байна. Жишээлбэл Кохен (Cohen) 1987, Меиллассокс (Meillassoux) 1981, Питт Риверс (Pitt-Rivers)1954 гэх мэт. Энэ бүхний эцэст коммунитигийн талаар нимгэн ч атугай төсөөлөл авсан бол энэхүү бичлэгийн зорилго нь биелж буй билээ.

Сэтгэгдэлүүд:

1. odnoo (зочин) | 2009-05-09 22:54:56
Блогийн чинь бичлэгүүдийг нэгмөсөн бөөндөөд уншчихлаа, сонирхолтой хэрэгтэй зүйлс олон байна.Би соц-ийнх лдоо, өөрийг чинь зүс таних юм байна.за тэгээд бичээд байгаарай амжилт
2. Бүсгүй | 2009-05-16 05:51:18
deerh 3 shinjiin neg l tohirch baival community gej oilgoh uu? community-n jishee helbel nadad mash sonirholtoi baina.

tanai blog ih sonirholtoi blog shuu. bi daanch mergejliin hun bish bolohooroo unshchihaad l garah yum daa. Good lock

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.