Анхны бичлэг дээр Энэтхэг улсын сайн сайхныг харахыг хичээвэл... гэсэн маягтай сэтгэгдэл байна аа. Үнэн л дээ энэ орон чинь дандаа муу муухайгаар дүүрэн биш л дээ, түүнээсээ илүү сайн сайхантай байх аа. Дэлхийн 5 дах том эдийн засаг хүссэн бүхнээ хийж чадах нь ойлгомжтой. Гэхдээ миний бичлэгийн гол санаа нь энэ орныг муулах бус, гадны хүнд анх төрөх шууд сэтгэгдэлийг ямар ч дүгнэлт шүүлтүүргүй дэлгэх гэсэн санаа болно. Хамт амьдарч байгаа болон өдий болтол уулзсан Монголчууд, анх ирээд ямар санагдаж байснаа шок хэмээн ийнхүү өгүүлж байсан учраас би ийм нэр сонгосон юм. Нэг залуу бүр “гадаад л гэхээр манайхан сайхан гэж боддог байх эндэхийг л хар даа ямар байна Монгол шиг сайхан газар алга” гэж байсан нь санаанд бууж байна. Энэ бүхнээр би өөрийгөө өмөөрөх гэсэнгүй, мөн Энэтхэгийг муулах гээгүйг маань ойлгоно биз. Миний бичсэн бүхэн энгийн л гадны хүний нүдээр тэднийг харсан хараа болохоос эцсийн үнэн биш шүү. Заримд нь сайхан санагддаг байж болно шүү дээ энэ орон. Хамгийн гол нь тэдний энэ амьдрал нь өөрсдөд нь ямар ч асуудал үүсгэдэггүй, харин ч тэд нар энэ амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэдэгт нь би итгэлтэй байна. Ямар ч л байсан залуус нь манайхан шиг яаж ийж байгаад гадагшаа гарчих юмсан гэсэн чин эрмэлзэл байхгүй, эх орондоо сайхан амьдрана, эх орноо хөгжүүлнэ гэж боддог нь надад таалагдсан. За одоо дэндүү нуршуу оршилыг хойш тавиад гол зүйлдээ анхаарал хандуулъя.
Замыг хөдөлгөөний дүрэм энэ тэр гэдэг зүйл их маруухаан энд. Монголд цагдаа нарын дунд судалгаа хийж явахад замын цагдаа нар даргаасаа өдрийн 60 000 төгрөгний торгуулийн хуудас авч гараад өдөртөө дуусгах ёстой байдаг гэж ярьж байж билээ. Харин энд бол тэр их хуудсыг дуусгах байтугай сарын дотор байрны мөнгө хийнэ шүү. Торгох шалтаг мундахгүй их гарна энд. Дээрээс нь нэлээд машин нь тольгүй байх юм аа. Жолоочийнхоо талд эсвэл “даргын суудал”-ын толь байхгүй байна. Манайхан шиг толь хусдаг хүн энд байхгүй болтой, цаанаасаа л ийнхүү үйлдвэрлэгдэж гарч байх юм. Зарим нь толио хугалсан ч шинийг авч хийгээгүй явж байгаа харагдана. Машинууд нь галзуу хулгана гэсэн үг. Байнга цочтол сигнал дарна, хүмүүс нь түүнийгээ тоохчгүй юм. Нийтийн тээвэр нь чихэх гэж алж өгнө. Улаанбаатарт 5-н шард чихдэг бол юу ч биш, энд ёстой л нөгөө онигоон дээр гардаг шиг жирэмсэн болчих шахна. Манай автобус хаалгаа хаагаад хөдөлдөг бол энд бараг хаалганы хэрэг байхгүй. Нэгт, салхи орно. Хоёрт, хүмүүс нь хаалганаас нь дүүжлэгдэнэ гэсэн давуу талуудтай. Балба Энэтхэг хоёрын хооронд явдаг автобусанд бол хүн нь багтахгүй дээр нь гараад суудаг тухай итгэмжит хүний амнаас сонслоо. Харин метро гэж сайхан унаа байна аа. Хурдан хямд, сэрүүхэн амар зүгээр. Алан хядагч нар бөмбөг дэлбэлчих гээд айлгаад байдаг гэсэн. Тийм ч учраас метроны буудал нь харуул хамгаалалт үнэн чанга, буутай цэрэг цагдаа ихтэй. Хаа очиж тэд нар нь хүмүүстэй их аятайхан харьцах юм. Мөн манай микро шиг, хүн тэрэг байна. Ойрхон газар явна, тэр хавьдаа хаана ч хүрсэн 10 рупи. Түүнчлэн гурван дугуйтай такси байна, тоолууртай ер нь гайгүй үнэтэй. Гэхдээ жолооч нар нь биднийгээ шулах гэж зүйл бүрээр үзнэ. Мэдээж сэрүүхэн сайхан кондишинтэй машинан такси байна. Хол газар тусгай захиалгаар явдаг юм шиг байгаан. Нэг удаа онгоц буудал орж хүн гаргаж л өгч үзсэн түүгээр нь. Унааны хувьд нэг иймэрхүү байна.
Одоо цаг агаар сайхан болох тийшээ хандаж байна аа. Энд ирэх гэж байгаа хүмүүст зөвлөхөд 10 сараас 3 сар хүртэлт хугацаа их тохиромжтой юм шиг ээ. Энд хамгийн халуун үе нь 5,6,7,8 сар байдаг гэнэ. Манай багш одоо байнга л slowly, slowly winter come in, эсвэл weather change гээл байгаа. Өвөлдөө их жиндүү гэсэн яахын болоо гэж. Манайхан болсон хойно л Монгол муухай гадаад гоё гэж ярих дуртай улс. Тийм хүмүүс энд ирэх бол за ер нь гадагшаа явах гэж байгаа бол тэр улсаа маш сайн судалж байгаад ирэх хэрэгтэй юм шиг ээ. Хамт ирсэн охинд маань эндэхийн цаг агаар таарахгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орчих гээд хоёр хоноол Монгол руу буцсан. Замын зардал, хоол унаа гээл их л мөнгө үрж ирдэг, тэгтэл тэр улсаа сайн судлаагүйгээсээ болоод “шатаад” байх юм бол ямар хэрэг байна.
Бас блог дээрээ зураг оруулах гэхээр манай энэ хавийн “нэт”-үүд үнэ удаан хамгийн сайн нь л Pentium III, хүмүүст хэлэхээр итгэхгүй юм. Наад улс чинь мэдээлэл технологийн улс шүү дээ гэнэ. Мэдээж сайн “нэт”-үүд байгаа байх л даа. Даанч манай эндэх тийм биш юм. Тэгээл зураг оруулж чадахгүй байна. Ядаж байхад энд бас тог, эсвэл сүлжээ тасарна аа. Тэгээл бүх зүйл утга байхгүй болж байгаам даа. Хуучин аймгийн төв л ийм байж билээ гэж бодох юм. Оройн 23 цагт телевиз дуусна. Мөн тог тасарна. Түүнээс өмнө ороо засаад, унтах хэрэгтэй. Энэ байдал тэр үеийн ихэнх хүмүүсийг оройн 23 цаг болохоор л унтах гэж яардаг сэтгэхүйтэй болгосон юм шиг санагддаг юм надад.
Энэтхэг хүмүүс харин их эртэч өглөө яагаа ч үгүй байхад л босоод ажлаа хийгээд байна. Бас орой унтаад байх шиг санагдаж байна. Дээрээс нь бараг хүн бүр л нэг ажил эрхэлдэг юм шиг. Залуучууд нь ч гэсэн сургууль соёлоо төгсөөд өөрийн гэсэн нэг бизнес, эсвэл томоохон компанид ажилд орно гэсэн бодолтой байдаг болтой юм. Тэрнээс биш манайхан шиг сургууль үнэн төгсөв үү, үгүй юу төрийн албаны шалгалт өгөөл, төрийн албанд орох гэж хахууль энэ тэр гэж марзагнадаггүй болов уу гэж бодож байна. Сургууль төгсөж буй хүүхэд яаж ийж байгаал аль нэг намын гишүүн болж аваад, ямар ч баялаг бүтээдэггүй төрийн албанд орчих юмсан гэж бодоод, зүүдлээл байдаг гаж тогтолцоотой улс даа манайх. Гэтэл баруунд бакалавр зэрэгтэй хүнд бараг ажил олдохгүй байдаг юм биш үү. Сайн ажилтай болмоор байвал сайн зэрэгтэй байх хэрэгтэй байдаг гэсэн. Мөн тэнд сургууль төгсөгчдийнх нь 80 гаруй хувь нь өөрийн бизнесээ эхлүүлэх төлөвлөгөөтэй байдаг бол манайд тийм биш. Энэтхэгт төрийн албанд орох гэж байгаа залуус нь тусдаа байр хөлслөөд хэдэн сарын өмнөөс бэлддэг аж. Арга ч үгүй биз дээ хэдэн зуун мянган хүн өрсөлдөнө биз дээ. Өөр нээрээ хадуураад явчиж, миний амьдарч байгаа гудаманд айл болгон бараг дэлгүүртэй. Тэр нь бага саг төрөлжсөн байна аа бас. Гудас зардаг, хоол зардаг, хятад маягийн гоймон хийдэг, хүнсний бараа, хувцас хунар, ногоо цагаа, гээл бодоод байсан манай гудаманд байхгүй юмгүй юм байна. Бүр хоёр ч хүн зөвхөн “масалай” хэмээх Энэтхэг цайг манайхаар бол 150 төгрөгөөр зараа л амьдарч байна. Хувцас индүүддэг нэг хүн бий. Хоёр залуу бууз зардаг, нэг залуу төмс шардаг, зөвхөн хоолны амтлагч зардаг нэг хүн байна бас. Бүр түүгээрээ мэргэжчихсэн, хэн нэгний сандаал нь урагдлаа бол өөрөө оёлгүй гуталчинаар оёулах жишээний хөдөлмөрийн хуваарь энд үүсчихсэн. Эрт суурьшсан газар оронд чинь иймэрхүү хөдөлмөрийн хуваарь, олон янзын мэргэжилүүд үүсчихдэг юм биш үү. Ингээл нөгөө капитализм бий болдог болтой. Их сонин сонин мэргэжилүүд энд байгаа биз. Хувцас угаагч, гэр цэвэрлэдэг хүн, муу усны нүх цэвэрлэгч байна, хамт амьдарч байгаа залуус маань бүр чих ухдаг мэргэжилтэнтэй дайралдаж чихээ ухуулсан байгаа юм. Би ирэх амралтын өдрөөр тийшээ явах санаа байна. Эд хөрөнгө зуучлалын газар их байна аа манай гудманд бараг 10 байгаа байх аа. Энэ мэтээр бараг хүн бүр л ажилтай, хүн бүр л нэг юм хийх гээд зүтгээд байхаас манайхан шиг хүүхдийн мөнгөө хүлээгээд хэвтээд байдаггүй болтой юм. Гэхдээ энд эмэгтэй хүн бараг ажил хийдэггүй юм шиг ээ. Дандаа л эрчүүд, гадуур явахад ч гэсэн эр хүн олон байна.
Бас миний бодлоор нэг газар дэндүү олон хүн ажилаад байх шиг ээ. Миний сууж байгаа интернет 7-н комтой, гурван хүн ажилдаг. Дэлгүүрүүд байна нэг дэлгүүрт л гэхэд бага даа 4-н хүн байна. Том дэлгүүр бол тоогоо алдана. Цалин бага авдаг болов уу гэж бодсон. Манай нэг танил ах Энэтхэгт буй Монголын элчин сайдын яамтай холбоотой нэг онигоо ярьсан нь санаанд орлоо. Элчингийнхэн сард 15$ өгөөд нэг хүнийг цэцэрлэгчээр ажиллуулдаг байжээ. Тэр хүн нь ч үнэн сэтгэлээсээ ажлаа сайн хийдэг гэнэ. Нэг томоохон баяраар элчингийнхэн “хөөрхий ажлаа сайн хийдэг юм байгаан цалинг нь 20 болгоод нэмчих хэрэгтэй” хэмээн ярьлцаад цалинг нь нэмж гэнэ л дээ. Гэтэл маргааш нь цэцэрлэгийг нь нөгөө хүн чинь бус шал өөр хүн янзлаад байх юм гэнэ. Гайхаад учрыг нь асуутал, хуучин ажилчин нь цалин дээр нь нэмэгдсэн 5$-оороо өөр хүн хөлслөөд ажлаа хийлгэчихээд өөрөө зүгээр сууж байсан гэнэ. Нээрээ л бодсон энд хэдхэн зоосоор амьдралаа залгуулаад байгаа хүмүүс бишгүй л их байх шиг санагдаж байна.
Энэтхэг хүмүүс их тусч бас найрсаг санагдсан. Нэг охиноос очих ёстой метроныхоо буудалыг асуутал түрийвчнээсээ метроны буудлуудыг тэмдэглэсэн газрын зураг гаргаж өгч билээ. Хэнээс ч юу ч асуусан их л уриалагхан, гараараа дохин, инээсээр л найрсаг хариулт хэлэх нь түгээмэл. Жаахан алмай боловч амьдралдаа сэтгэл хангалуун, элдэв “том” юм бодож сэтгэлээ чилээж, шуналдаа хөтлөгддөггүй амар хүмүүс мэт санагдсан. Мэдээж цаашид олон сонин учрал, надтай таарах байх. Тэр бүрт нь блогтоо бичих оруулж байхыг хичээх болно. Одоогоор ингээд дуусгая даа. Нээрээ асуулт байвал түүний дагуу хариулаад бичээд байж болох мэт санагдаж байна. Сонирхсон юм байвал асуугаарай та минь.

Сэтгэгдэлүүд:
Haa saigui humuus tumeeree bujignan, baigal orchin ni iheer bohirdson ch gsn uursdiinhuu ontslogiig hadgalahiin hajuugaar hugjij bna shdee ted Uunees bid harin suraltsmaar yum shig ee Yum bur adilhan, negen hewiin bwal soniholgui
Хэнхэг Гэндэн; hun l bolson hoino ynz buriin zan garna l daa hu. bur mongold bgaa elchingiin ajilchid ni mongol ohidiig uduud zugeer bailgadaggui gej battai eh surwaljaas sonsloo bi.
chimgeeitgel: sain uu, er ni ih irj bn aa hu end
Пак; hunii uhaan hudgiin us hoer hemjeetei shdee hu uuriinhuuruu oilgo.
Сэтгэгдэл үлдээх: