Өмнө бичсэн бичлэгээ үргэлжлүүлж байна.
1. Зорьсон газраа ирчихлээ. Орчиндоо дасан зохицоод амьдраад байж дээ. Долоо хоног бүрийн Монголчуудын цугларалтанд очоод архи дарс гээд байхгүй байвал зүгээр биз. Архи уухаараа л болохоо байдаг “Чингисийн үр садын” онигоо энүүгээр л дүүрэн байна. Хүний газар нэрээ гэгчээр Монголоо Энэтхэгчүүдэд зөвөөр танилцуулж учир зүйтэй явахгүй бол хэн нэгэнтэй нь маргах, эсвэл Монголоо муугаар таниулах тохиол гарч магадгүй. Энд ирээд Монголынхоо түүхийг мэдэж байгаа залуус мэр сэр байна. Тийм болохоор жаахан үүх түүхээ, өнөөгийн Монголын байдалын талаар бага сага мэдээлэлтэй болоод ирвэл хүний асуултанд нүүр улайхгүй байх шүү.
2. За тэгээд дайралдсан Монгол бүртэй ижий ахай болоод бараг дэмий биз. Аятайхан зан ааштай нэгэнтэй танилцаж, найзалж нөхөрлөж болох байх. Энд удсан нэгэн нь хашин морь шиг “зан суугаад” шинээр ирж байгаа нутаг нэгтэнээ дээрэлхэх, хэдэн төгрөгийг нь салгах асуудал байх л юм. Ирээд удаагүй нэгнээ хар өглөөний 5-н цагт хөөж босгоод тамхинд гүйлгэдэг, зодож нүддэг гэх мэт марзан зантай нөхдүүд мэр сэр сонсогдож л байна. Хэн нэгэнд дээрэлхүүлж байсан “сэтгэлийн шархаа” энэ маягаар тайлж тайтгардаг юм болов уу даа. Сагс тоглож байсан дүү нараас маань “хөөе наад ус аваад ир” гэж том дуугаар усыг нь нэхсэн шог нэгэн дээрхийн энгийн жишээ юм болов уу.
3. Хол ойр ийшээ тийшээ явах хэрэг үүсвэл аль болох хямд зардалтай унаа сонгож байвал зүгээр. Жишээ нь: метро гэж их хямд унаа байна. Явах чиглэлээ хэлээд суувал амар л байдаг юм. Янз бүрийн такси энэ тэр хүнээс хэдэн төгрөг салгах дээрээ гаргуун сайн байдаг талтай. Энд 2 жил болчоод автобусанд сууж үзээгүй Монгол байж л байна. Эндэхийн оюутнууд нэг нэгэндээ автобусанд сууж үзсэнээ сонин болгож ярьдаг гэнэ. Намайг суудаг гэхээр гайхаж байгаа хүмүүс бас байна. Уул нь автобус нь аав ээжийн чинь хэдэн төгрөгийг хэмнэх юм даа. Монголчуудын л цамаан, хэнэггүй зан биз дээ.
4. Ихэнх байр нь халуун ус байхгүй байдаг тул та хүйтэн усанд л орох хэрэг гарах байх. Мэдээж халаагч энэ тэр авч тавьж болно. 00 руугаа бараг л шанагаар усаа хутгаж хийх байх шүү. Тэгэхгүй байсан ч болно л доо. Байр хөлслөхдөө сайн муу олон талаас нь судалж үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол энд янз бүрийн асуудал үүсвэл хэндээ гэж хэлж шийдүүлэх билээ.
5. Гэнэт баахан мөнгөтэй ирчээд чихэр жимс, зугаа цэнгэлд өгчихдөг хүмүүс байгааг үгүйсгэх аргагүй. Мөнгөнийхөө зарцуулалтанд өөрөө болон эцэг эхээрээ сайн хяналт тавиулж байх хэрэгтэй. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхэддээ хүссэнийх нь хэмжээгээр, хүний нутагт яваа гээл өгөөд байвал, мөнгө чинь хэрэггүй зарагдаж байгаа гэдэг нь ойлгомжтой. Тэр мөнгөөр энд юу ч хийж байгаа юм билээ. Ер нь манайхан “амьдрал үзээгүй” хүүхдүүдээ гадагшаа явуулах нь ихэссэн. Тэр нь тэндээ жинхэнэ “амьдрал үзэж” нэг хэсэгтээ шоктой байдаг нь нууц биш. Үүн дээр анхаарвал зүгээр биз. Мэдээж хэн л өөрийнхөө хүүхдийг муугаар бодох вэ. Гэхдээ нүднээс тань далд юу ч болж мэднэ. “Хувцас угаадаг газар байна уу, хамаг хувцас хир болчоод, өмсөх юм алга” гэж хэлэх, өөрсдөө хувцасаа угаагаад өмсчихдөггүй даварсан гэмээр юм уу эрхэлсэн гэмээр юм уу хоёр хөөрхөн хүү бол дээр хэлсэн санааны нэг жишээ юм даа.
6. Энд ирж байгаа Монголчууд олон улсын карт аваад мөнгөө байршуулсан байх нь их. Уг картын бэлэн мөнгө авахад тооцогдох шимтгэл нь 0,3% гэх боловч Энэтхэгийн АТМ-үүд янз бүрээр бодож шимтгэл авах нь түгээмэл юм шиг ээ. Заримдаа бага заримдаа их бодсон байгаа нь илт мэдрэгддэг. Хэдэн төгрөгнийхөө ихэнхийг нь банкны шимтгэлд алдаад байвал юу нь сайхан байх вэ. Хамт амьдарч байгаа залуу маань гэхэд 300 орчим доллар “алдчаад” сууж л байна. Зарим Монголчууд энэ байдлаас нь болоод орж ирсэн мөнгөө бүгдийг нь нэг дор авчихдаг гэсэн. Яаж энэ асуудлыг шийдэх талаар хувьдаа би шийдэл олоогүй л байна. Үүнийг бодож үзээд нэг гарцтай болвол зүгээр байх.
7. Энд худалдаа наймаа хийхдээ, наймаачны хэлсэн ханшинд нь итгэж болохгүй шүү. Таны санаанд оромгүй байдлаар бараа таваарын үнэ ханш буурна. Заримдаа ухаан алдмаар буух тохиолдол ч бий. Гэхдээ та өөрөө хамаагүй давраад хэт буулгах гээд үзчив ээ. Өөрийгөө ч өрөөлийг ч зовооно. Юм бүхнийг таарсан үнэнд нь авч болоод байдаг газар. Ерөнхийдөө л манайхаас хямд үнээр аливаа зүйлийг авч байвал болоо гэсэн үг.
8. Тамхи энд нэлээд үнэтэй байх нь харагддаг. Манайхан болсон хойно тамхин “угжтай” юм чинь энэ бас нэг асуудал байх аа. Ер нь бол нэг ширхэг тамхи Монгол мөнгөөр 150 болон түүнээс дээш үнэтэй байх болов уу. Хүн өдөрт хэдэн тамхи татах билээ. Нэлээд л мөнгөний тоо гарах байх. Гэтэл энд 2 ширхэг тамхиний үнээр хоол идэж болно шүү дээ.
За ингэсгээд энэ удаа дуусгая. Өөр асуумаар зүйл байвал асууна биз дээ. Энэтхэг хүмүүс найрсаг, нөхөрсөг байх нь их тул та энд амьдрахдаа нэг их асуудалгүй амьдраад байж болох байх аа. Мэдээж өөрөө асуудал үүсгээд байхгүй бол. За тэгээд амжилт хүсье.

Сэтгэгдэлүүд:
zorigt_8 : yu bn aauwguun hugshin ni bj l bn daa endee.
FELTNATION: sain uuyu bn aa hu.
Сэтгэгдэл үлдээх: